Фужайра олон улсын урлагийн 3 дугаар их наадам

2020 оны 03-р сарын 27 өдөр, 09 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
183dd47f13b8cf6446cc53f56d3e7c0f

ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон улсын театрын институтын гишүүн улс орнууд театрын төрөл бүрийн фестиваль, арга хэмжээ зохион байгуулж байдаг. Хэдийгээр арга хэмжээ, фестиваль болгон өөр өөрийн онцлогтой тодорхой зорилготой байдаг ч нэг зүйл ижил байдаг нь урлаг, соёлоор дамжуулан харилцан ойлголцох, бие биенээ мэдэх, найз нөхдийн холбоо тогтоон бүтээлчээр хамтран ажиллах, шинэ санаа, шинэ сэдэл, ямар нэгэн шинэ зүйлийг эрж хайж байдаг бүтээлч уран бүтээлчдийн цугларах газар болж байдаг билээ.

Фужайра мужийн захирагч шейх Хамад Бин Мохаммед Ал-Шаркийн ивээл дор 2020 оны 2 дугаар сарын 20-28 хооронд зохиогдсон олон улсын урлагийн 3 дугаар их наадамд 60 гаруй орны 600 гаруй зочид төлөөлөгчид, 120 орчим сэтгүүлчид оролцсон ба наадмын үеэр 42 хөгжмийн, орчин үеийн бүжгийн, ардын урлагийн болон бусад урлагийн төрлийн тоглолтуудыг олон улс орны шилдэг уран бүтээлчид тоглон үзэгчдийн хүртээл болгосон юм. Их наадамд зориулан тусгайлан зассан концертын танхим өдөр бүр үзэгчдийн хөлд дарагдаж байв.

Наадамд арабын орнуудын сор болсон дуучид, хөгжимчдөөс гадна коста рикагаас дуучин Тамела Хэдстром, филиппиний поп хамтлаг Оранж ба Лемонс, армений орчин үеийн бүжгийн хамтлаг, египет, оман, тунис, энэтхэг, иордан зэрэг улс орнуудаас оролцсон юм. Наадмын үеэр египетийн домогт уран бүтээлч Абдул Халеем Хафезын амьдрал, уран бүтээлийн үзэсгэлэнг нээлттэй ажиллуулж байв.  Үзэсгэлэнгээс гадна олон төрлийн сонирхолтой сургалтуудыг тус наадмын үеэр зохион байгуулж, үүнд иргэд маш идэвхтэй оролцож байв.

Фужайра олон улсын монодрамын 9 дэх наадмын сонин хачин

Тус наадмын нэг чухал хэсэг буюу наадмын гол цөм нь Фужайра олон улсын монодрамын 9 дэх наадам аж. Фужайра монодрамын олон улсын 9 дүгээр наадам АНЭУ-ын Фужайра мужийн Дибба хотноо амжилттай болж өндөрлөлөө. Тус наадам нь хоёр жил тутамд зохиогддог бөгөөд наадмын талаар тус наадмын ерөнхий зохион байгуулагч бөгөөд Олон улсын театрын институтын ерөнхийлөгч ноён Мохамед Сайф Алафкам ийн өгүүлсэн юм. “Наадам зохион байгуулах санаа анх Арабын нэгдсэн эмират, тэр дундаа Фужайра мужийн Дибба хот дахь театрын уран бүтээлчдийн дунд нэг хүний жүжгийг сонирхох байдал эрс нэмэгдсэнтэй холбоотой.” Наадмыг улам өргөжүүлж олон улсын урлагийн наадам болгон 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа тухайд тэрээр, “Бид дэлхийд юу өгч чадахаа, бид хэн болохоо, бидэнд юу байгаагаа харуулахыг хүсч байна, мөн бид дэлхийн эргэн тойронд байгаа уран бүтээлчдээс суралцах, шинэ санаа олж авахаар үүдээ нээж байна. Соёл урлаг бол өөрсдийн ялгаатай талуудаа хүлээн зөвшөөрч харилцан ойлголцож бие биенээсээ суралцах талбар, соёл урлаг биднийг нэгтгэх хүч болж байдаг” хэмээсэн юм.

Үнэндээ хоёр жил тутамд монодрамын ертөнцийнхөн Фужайрад нэг удаа халуун бүлээрээ хуран цуглардаг уламжлал тогтоод хэдийн хорь шахам жил болжээ. Энэ жил наадамд 12 орны уран бүтээлчид тус бүр өөрсдийн уран бүтээлийг сонирхуулсан бөгөөд тоглолт бүрийн дараа уран бүтээлчдийн багтай нээлттэй ярилцлага өрнүүлж, харилцан суралцах боломжийг оролцогч бүх хүмүүст олгосон юм. Албан ёсны эдгээр хэлэлцүүлгээс гадна театрын ойр орчимд хаа сайгүй уран бүтээлчид болоод зочдын дунд уран бүтээлийн халуун яриа өрнөж жинхэнэ нөхөрсөг уур амьсгал бүрэлдэж энгийн үзэгч хүртэл яарах юмгүй чих тавин сонсох нь содон харагдаж байв.

Ноён Мохамед Сайф Алафхамын хэлснээр олон учир шалтгааны улмаас монодрам бол халдварладаг, уран бүтээлч хүн нэг л удаа бариад авах юм бол тэр чигээрээ үүгээр өвчилчихдөг аж. Үнэндээ ч Литвээс ирсэн зочин, “Толинд” нэртэй олон улсын нэг хүний жүжгийн наадмын зохион байгуулагч, найруулагч Мария Танана “манай бүх сайн жүжигчид урын сандаа заавал нэгээс илүү монодрамтай байх болсон” гэж байв. Тэрээр анх 1993 онд наадмаа зохион байгуулж эхэлсэн ба энэ жил 15 дахь удаагийн наадмаа зохион байгуулах гэж байгаа аж. Тэр мөн “Фужайра олон улсын монодрамын наадам бол бусад фестивалиудын найруулагчид, зочид гээд маш олон хүнийг авчирч нэг дор цуглаж санал бодлоо хуваалцах, мэдээлэл солилцох, нөхөрлөх боломж олгодог хамгийн том наадам учраас бидний хувьд маш чухал ач холбогдолтой” гэдгийг онцолсон юм.

Энэ удаагийн наадамд “нэг хүний жүжгийн хаан” хэмээн алдаршсан Их Британийн жүжигчид Пип Аптон “Вилльям Шексперийн хамт гэрт нь” хэмээх өөрөө зохиолоо бичиж, найруулан тоглосон бүтээлээрээ оролцов. Тэрээр өмнө нь 2016 онд тус наадамд “Маргарет Тетчер” жүжгээрээ мөн оролцож байсан бөгөөд эмиратын үзэгчид төдийгүй уригдсан зочдын олонхийн эртний танил болсон эрхэм юм. Түүний тоглолтын талаар германы урлаг судлаач, сэтгүүлч Диетер Топп, “Маш гайхалтай бөгөөд өргөн утга агуулгаар аугаа зохиолчийн хувийн амьдралд нэвтрэх боломжийг үзэгчдэд олгож чадлаа. Мэргэжлийн өндөр ур чадвартай Британийн жүжигчинтүүхийн бодит хүнийг тайзнаа амилуулсан Адолф, Маргарет Тетчер, Эйнштейн зэрэг гайхалтай бүтээлүүд дээрээ бас нэгийг нэмж чаджээ. Үргэлж өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, хайр татам бөгөөд өөрөөрөө үнэн байж чаддаг тэр л чадвараараа тэр үзэгчидтэй ажиллаж яг л Шекспертэй харьцаж буй мэт сэтгэгдэл төрүүлж чадлаа” гэсэн юм.

Наадмын дараагийн онцлох оролцогч нь Литвийн жүжигчин Бируте Мар байв. Тэрээр зохиолч Жулие Оцукагийн бүтээлээс сэдэвлэн шүлэг, хүүрнэл хосолсон аргаар зохиолоо бичиж найруулсан “Хоймроо залсан Будда” хэмээх шинэ бүтээлээрээ оролцлоо. Дайны үед шуудангийн бэрүүд хэмээн нэрлэгддэг японоос нөхөрт гарахаар Сан Франциско хотноо ирсэн олон зуун охидын амьдрал хэрхэн цаг хугацааны эрхэнд балран алга болж буйг япон эмэгтэйн дүрээр гарган түүний сэтгэл хөдлөлийг гайхалтай илэрхийлж байлаа. Литвийн зочин Мариягийн хэлснээр Бируте Мар анх нэг хүний жүжгийн бүтээл хийж эхэлсэнээс хойш литвид энэ үзэгдэл газар авч одоо хүн бүр өөрийн гэсэн нэг хүний жүжигтэй болох болсон. Энэ бол жүжигчнээс асар их ажиллагаа, ухаан шаарддаг, уран бүтээлчийг жинхэнэ сорьж чаддаг төрөл гэж байв.

Палестиний жүжигчин Хуссам Абу Айшагийн “Кахва Затаар”, Бахрайны жүжигчин Судафа Халифагийн “Харанхуй дахь бүсгүй” жүжгүүд мөн зочдын анхаарлыг ихээр татаж байв. Наадамд ОХУ-ын жүжигчин Лидия Копинагийн “Сеттимана” жүжиг нь физикл буюу үггүй, дан биеийн үйлдэл илэрхийллээр тоглосон жүжиг байсан бол грекийн жүжигчин Жонни О-Паняота Кантиани “Сүйтгэгч” жүжигтээ пантомим болон дуугүй киноны техникийг хослуулан ашигласан нь үзэгчдийн сонирхлыг татаж байв. Тус наадамд тоглосон Бахрайн, Шриланка, Ирак Курдистаны жүжгүүд эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндөн тавьсан агуулгатай байсанд арабын театр судлаач эрдэмтэд ихээхэн талархан хүлээн авсан юм.

Дашрамд дурдахад, өмнө нь тус наадамд манай улсаас 2016 онд АЖ С.Сарантуяа “Хатагтай Макбет”, 2018 онд Black Box театрын жүжигчин Д.Оюунзул “Хүний дуу хоолой” зэрэг жүжгүүдээр оролцож байв.

Наадмын үеэр болсон нэг чухал үйл явдал бол олон улсын театрын институтын олон улсын монодрамын форумын албан ёсны уулзалт байв. Уулзалтыг тус форумын тэргүүн ноён Мохамед Сайф Алафхам удирдан явуулсан ба уулзалтаар нэг хүний жүжгийн наадмуудын талаар мэдээлэл солилцох, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.

Уулзалтанд оролцон мэдээлэл солилцохын зэрэгцээ олон улсын наадам зохион байгуулдаг туршлагатай хүмүүстэй ярилцаж наадмуудынх нь талаар тодруулах боломж олдсон нь миний хувьд нэн завшаантай хэрэг байв. Украйн, ОХУ, Литви, Косово, Энэтхэг, Испани, Люксембург, Грек зэрэг улсуудад театрын олон улсын наадам зохион байгуулдаг эдгээр эрхмүүдийн ярианаас театрын наадмуудыг кино наадмуудтай адил зэрэглэлээр ангилж болдоггүй бөгөөд театрын наадам өөрийн гэсэн онцлогтой гэдэг нь тодорхой байв. Театрын олон улсын наадмууд зорилго, агуулгаасаа хамаараад ерөнхийдөө хоёр төрөлд хуваагдаж байх шиг. Эхнийх нь нөхөрсөг наадам буюу уран бүтээлчдийг тухайн наадмын агуулга, тухайн жилд дэвшүүлж буй сэдэв гэх мэтийг харгалзан сонгож урьж оролцуулдаг ба үүгээрээ өөрийн орны болон гадаад улс орнуудын уран бүтээлчидтэй нөхөрлөх, харилцан суралцах боломж олгодог соёлын солилцоо хэлбэрийн наадмууд байна. Ийм наадмуудын үеэр мастер класс, ур чадварын сургалтуудыг түлхүү зохион байгуулж гадын зочдоос суралцан мэдлэг авч үлдэх гэж хичээх явдал түгээмэл байдаг байна. Фужайрагийн наадам ч гэсэн энэ төрлийн наадамд тооцогддог байна. Ийм төрлийн наадамд бусад улс орны наадам зохион байгуулагчид зочноор оролцох нь элбэг бөгөөд ингэснээр тухайн наадамд оролцож буй бүтээлүүдээс сонгон урих боломжийг олгодог байна.

Харин нөгөө нь уралдаант наадмууд байдаг ба ингэснээр өөрийн орны театрын шилдэг бүтээлүүдийг гадаад улс орны бүтээлүүдтэй эн зэрэгцүүлж ур чадварын чансаагаа үзэх, харилцан суралцах боломж олгодог аж. Эдгээр наадмуудад оролцох нь нэн өрсөлдөөнтэй төдийгүй хүсэлтээ гаргасан болгоныг сонгоод байдаггүй, сонголт хийх өөр өөрийн арга барилтай байдаг байна. Ихэнх тохиолдолд өөрийн үзсэн, эсвэл итгэл даах найруулагчийн үзэж санал болгосон бүтээлүүдийг сонгон наадамдаа урих хандлага түгээмэл болох нь илэрхий байв.  Бүтээлээрээ өөрийгөө таниулж нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн бол театрын наадмуудад, театруудын урилгаар уригдан тоглож, тоглолтын хөлс аваад явдаг уран бүтээлчид нилээд бий ажээ.

Эцэст нь хэлэхэд, хэнтэй ч ярилцсан нэг л зүйл улам бүр сэтгэл эмзэглүүлж байсан нь манай театрын уран бүтээлчид мэдлэг, ур чадварын хувьд хаа ч гэсэн өрсөлдөхүйц боловч гадаад хэлний мэдлэггүйгээсээ болж өөрийгөө тушаад гадагш гарцгүй болгож байгаа байдал байв. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хичээх л юм бол асар их боломж бий гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.

Олон улсын театрын институтийн Монгол дахь төвийн ерөнхийлөгч, Олон улсын театрын институтийн дэргэдэх олон улсын монодрамын форумын дэд ерөнхийлөгч Н.Болороо

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх