“Чинээлэг малчин” хөтөлбөр Хөвсгөл аймагт хэрэгжинэ

2020 оны 03-р сарын 25 өдөр, 12 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
0f07a43ce8714d3be3bdf4e555687f38

Малчдыг нийгмийн чинээлэг дундаж давхаргад хүргэж, ядуурлыг бууруулах, бэлчээрийг хамгаалах, хот руу чиглэсэн нүүдэл, төвлөрөлийг зогсоох зорилготой “Чинээлэг Малчин” хөтөлбөрийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр боллоо

“Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын Хөвсгөл аймаг дахь салбар нэгжийн захирлаар Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар томилогдон ажиллахаар болсон бөгөөд хамтран ажиллах гэрээгээ байгуулж, тамга тэмдгээ гардсан юм.

Хөвсгөл аймаг 17 мянган малчин өрхтэй, зургаан сая гаруй толгой малтай. Малынхаа тоогоор улсад тэргүүлдэг хоёр аймгийн нэг бөгөөд 2019 оны мал тооллогоор Хөвсгөл аймгийн нийт малын 50 хувь нь хонин сүрэг байна. Гэвч нийт гурван сая хонины 1,3 сая нь буюу 40 хувь нь л хээлтэгч мал байгаа юм. Тиймээс энэ хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж, мал сүргээ эдийн засгийн эргэлтэд хурдан оруулж, бэлчээрээ хамгаалах шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Хөвсгөл аймгийн бэлчээрийн 40 хувь нь доройтсон. Харин нийт малчин өрхийн 70 орчим хувь нь 100-500 тооны хоньтой гэсэн судалгаа бий. Тиймээс тус хөтөлбөрөөс санал болгож байгаа “Хонь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь нөхцөл Хөвсгөл аймагт бэлэн гэж үзэж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд цөөн тооны малдаа түшиглэн хэрхэн ашиг олж, баян чинээлэг болох бизнес загварыг Хөвсгөлчүүдэд заана.

Хөвсгөл аймаг дахь салбар нэн тэргүүнд сум, баг бүрийн малчдын төлөөллийг хамруулсан сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх сургалтыг зохион байгуулах юм байна. Цаашлаад сургалтад хамрагдсан малчдад түшиглэн бизнесийн загвар өрх, шилмэл үүлдрийн үржлийн хонин сүрэг бий болгох зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. “Чинээлэг Малчин бойжуулах төв” ТББ-ын 21 аймаг 330 суманд хүрч ажиллах зорилго ийнхүү эхэлж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх