“Эрдэнэс Монгол” нэгдлийн зөвлөл цахимаар хуралдлаа

2020 оны 03-р сарын 17 өдөр, 11 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5e703dc9ead5c1.31394173

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурлыг өчигдөр /2020.03.16/ анх удаа цахим хэлбэрээр явууллаа. Дэлхий дахинд тархаад буй Covid-19 короновирусийн халдвараас сэргийлэх зорилгоор олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх тухай Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу зохион байгуулсан цахим хуралд “Эрдэнэс Монгол” компанийн охин болон хараат компанийн удирдлагууд оролцов. Хурлын эхэнд “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү коронавирусийн халдвараас сэргийлэх талаар Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг мөрдөж ажиллахыг нэн түрүүнд анхааруулав. Түүнчлэн Гашуунсухайт боомтоор экспортлох нүүрс тээврийн бэлтгэл ажил хангагдсантай холбогдуулан зохион байгуулалтын зарим ажлыг онцгойлон анхаарах шаардлагатайг онцолсон. Тодруулбал, урт, богино тээврийн зохион байгуулалт болон богино тээвэрт явах автомашинуудыг сонгох ажлыг Авто тээврийн үндэсний төвтэй хамтран шуурхай зохион байгуулах үүрэг өглөө. Мөн эрсдэлтэй орчинд ажиллаж буй жолооч нарын эрүүл мэндийн асуудалд байнга анхаарал тавьж ажиллахыг сануулсан юм.

Хурлын үеэр охин болон хараат компаниудын удирдлагууд коронавирустэй холбоотойгоор үйл ажиллагаандаа зарим өөрчлөлтийг хийж байгаа талаар мэдээлсэн. Тухайлбал, Засгийн газраас ирүүлсэн зөвлөмжийн дагуу 0-12 насны хүүхэдтэй эхчүүдийг гэрээс нь ажиллуулах нөхцөл боломжоор хангаж буйгаас гадна ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байгаа аж. Мөн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд гадаадаас ирэх зочид төлөөлөгчдийн уулзалтыг хойшлуулах, цахимаар хуралдах зэргээр зохицуулан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна гэдгийг онцолсон юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх