Нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг нь энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох талаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Уг захирамжийн талаар нийслэлийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан хэвлэлийн бага хурлыг нийслэлийн “Хэвлэл мэдээллийн төв”-д анх удаа цахим хэлбэрээр хийлээ. Хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, НЦГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар оролцож мэдээлэл өгөв.
Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай А/333 тоот захирамжийг гаргасан байна. Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа эрхэлж буй зарим худалдаа үйлчилгээний газруудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх зорилгоор үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоохоор болсон байна.
Захирамжийн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бараа бүтээгдэхүүний худалдаалдаг 55 их дэлгүүр, бүх төрлийн барааны 495 дэлгүүр болон үсчин гоо засал, хувцас засвар, гэр ахуйн модон эдлэл, ахуйн электрон засвар, хими цэвэрлэгээ, алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр, ломбард, гэрэл зургийн үйлчилгээ, автомашин, авто сэлбэгийн худалдаа, барилгын зах гэх мэт нийт 4825 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож ариутгал халдваргүйжүүлэлт хийх юм байна.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх тархалт хүрээг нь нэмэгдүүлэхгүйн тулд үйл ажиллагааг түр зогсоосон үед аж ахуйн нэгжүүд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж хэрэгтэй. Мэргэжлийн хяналтын газраас аж ахуйн нэгж болон айл өрхүүд хэрхэн халдваргүйжүүлэлт хийх талаарх зөвлөмж тарааж байгаа. Иргэд гэртээ өдөртөө 3-5 удаа чийгтэй цэвэрлэгээ хийх, хувийн ариун цэврийг сайтар хангах, олон нийтийн газраар зорчихгүй байх, сайн чанарын хоол хүнс хэрэглэх, халуун бүлээн цай уух хэрэгтэй” гэв.
Аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөл бүхий гэрээт байгууллагуудаар хийлгэх юм байна. Харин нийтийн эзэмшлийн зам талбайн ариутгалыг агааршуулагч машин, агаарын хийгээр орон зайг ариутгадаг орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг ашиглан хийхээр төлөвлөжээ. “Нийслэлийн 180.8 км урттай хатуу хучилттай автозам, 9.2 сая ам метр нийтийн эзэмшлийн талбайг ариутгана” хэмээн Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэллээ.
Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамжийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар холбогдох арга хэмжээг авч ажиллах юм байна. Мөн гамшгийн хэмжээнд ажиллаж буй энэ үед худал мэдээ мэдээлэл тараах, төрийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх аж. “Бидний зүгээс иргэдийг аль болох торгож, хуулийн хариуцлага хүлээлгэхээс илүүтэйгээр сануулах, зөвлөх, мэдээлэл өгч ажиллаж байгаа. Иргэд маань төр засгаас хэрэгжүүлж буй ажлуудыг ойлгож, хүлээцтэй хандаж, ухамсартайгаар хүлээн авч байгаа” хэмээн НЦГ-ын Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Л.Амармөрөн ярилаа.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Хүнсний захаас бусад үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг түр зогсоож, таван өдрийн турш ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэнэ. Иргэд хүнсний хомсдол үүсэх мэтээр буруу ташаа ойлгож их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй, хүнсний дэлгүүрүүд хэвийн ажиллана гэдгийг албан ёсоор мэдэгдье” гэв.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд Нарантуул, Дүнжингарав, Сандэй зэрэг томоохон худалдааны төвүүдийн хүнс, ахуйн хэрэглээний тасгууд ажиллах юм байна. Харин бусад төрлийн бараа үйлчилгээний тасаг цэгүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийнэ.