Ээждээ бичсэн захидал: Сайхан сэтгэлт ээж

2020 оны 03-р сарын 11 өдөр, 13 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
49a9ee78fee63a4bbc07b5f9615132a2_x3

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Гуравдугаар байрын шагналт захидал

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 4-р курсийн оюутан Ц.Тамираагийн “Харь улсад суугаа ээж Пак Мин Жидээ бичсэн захидал”

САЙХАН СЭТГЭЛТ ЭЭЖ

Сайн байна уу? Намайг төрүүлж өсгөөгүй ч гэсэн төрсөн мэт хайралсан миний харь улсын ээж минь! Өнөөдөр энэ дэлхийн төв, Азийн цээжинд орших Монгол гэх орноос таньдаа мэндчилэн энэхүү захиаг бичиж сууна. Үнэхээр заяа тавилангийн зургаар хоёулаа эх үрийн холбоогоор холбогдсон гэж би үргэлж боддог. Тэртээх зуныг санаж байна уу? Би анх удаагаа Солонгос улсыг зорьсон юм. Өөр орчин, өөр хэл, соёл угтаж түүнд уусан шингэх цаг хугацаа намайг тойрон эргэлдэж эхэлсэн нь тэр. Галт тэрэгний буудлаас эхлээд буух зогсоол хүртэл толгой эргүүлэм тэр их дуу чимээ асар олон хүмүүс дунд би төөрч будилсаар амьдрах байрандаа ирлээ. Хэлээ сурч, хоолоо хийж, өөрөө биеэ даан амьдрахад суралцсаар л ….Энэ л байдлаараа хоёр сарыг ардаа орхисон. Нэг өдөр дэлгүүрээс хүнсээ цуглуулахаар явж байхдаа төөрөөд хэнээс зам асуухаа мэдэхгүй тэр үед анх таныг харсан. Миний урдаас хөөрхөн инээмсэглэсэн гуч гарж байгаа гэмээр энгийн хувцасласан эмэгтэй ирж явааг хараад : Уучлаарай эгчээ надад дэлгүүр хаана байгааг заагаад өгөөч гэхэд та,  дагаад яваарай гэж хэлэхэд чинь би маш их баярласан. Яг л миний ээж шиг дулаан энерги цацруулсан гайхалтай эмэгтэй санагдаж билээ. Намайг дэлгүүрт  хүргэж өгөөд баяртай хэрвээ миний дүүд ямар нэгэн асуудал тулгарвал залгаарай гээд утасны дугаараа үлдээгээд явсан. Нутаг нэгт ахан дүүс минь бие биедээ туслах нь байтугай мэнд мэдэхээр зугтах нь холгүй байхад харь улсын хүн тусалсан гэхээр өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байлаа. Ээж минь таныг хайрлах шалтгаан анх ингэж л эхэлсэн. Өөрийн бүтэлгүйгээс болоод хөлөө гэмтээж гэртээ гурван сар хэвтэрийн дэглэм барих ёстой болов. Гэрийнхэндээ хэлэх гэтэл визний асуудлаас болоод мөддөө ирж чадахгүй учир юу ч хэлсэнгүй. Өөрт байсан хэдэн төгрөгөө бүгдийг нь эмчилгээндээ өгсөн болохоор юу ч үлдсэнгүй. Энэ үед надад хоёр сонголт гарч ирсэн. Эхнийх нь би Монгол руугаа буцах. Хэрвээ буцвал миний хамаг төлөвлөсөн ажил, гэр бүлийн минь надад хүлээлгэсэн итгэл найдвар бүгд талаар болох учир энэ замыг сонгоогүй. Дараагийнх нь, эхний уулзалтаараа намайг гайхшруулж сайхан сэтгэгдэл төрүүлсэн тэр эмэгтэйтэй холбогдож бүгдийг хэлэх. Утсаа аваад залгав. Таны утас дуудаж байсан. Байна уу? Энэ үг надад тэгж их баяр баясгаланг авч ирнэ гэж төсөөлсөнгүй явжээ. Таньд болсон зүйлсээ эхнээс нь дуустал ярьж өгөөд аль эмнэлэгт хэвтсэн, амьдардаг байраа хүртэл зааж өгсөн. Гэтэл та утсаа тасалж орхисон. Гайхах гомдох зэрэгцэж байтал удалгүй эмч чихэр жимс, амтархан бэлдсэн хоол надад өглөө. Тэгээд хэн үүнийг илгээснийг асуухад мөн л та минь илгээсэн байжээ.. Дараагийн өдөр нь та эмнэлэг дээр ирж хоёулаа таны гэр лүү явсан. Ээжээ таныг хайрласан хоёрдох шалтгаан минь энэ. Цахилгаан шатгүй учраас намайг үүрч шатаар өгсөхдөө огтхон ч түүртэлгүй алхсаар гэрт тань орж билээ. Тэр өдрөөс хойш та минь хоёр сар намайг асарч тойглосон. Төрүүлсэн охин минь эрдэм сурахаар гадаад явсан, би араас нь явах гэж байтал чамтай тааралдаад түр хойшлуулчихлаа. Тэгэхээр чи миний охин мөн байгаа биз гээд инээсэн тань таныг хайрлах гуравдахь шалтгаан болсон. Таныхаа ачаар би хөл дээрээ дахин боссон. Таньдаа дахиж төвөг удахгүй гэхдээ захидал үлдээгээд гэнэт явсаныг та санаж байна уу? Хуучин байрны эзнээсээ хэд хонуулахыг гуйгаад өрөөндөө байж байтал та гэнэт л ороод ирсэн. Миний охин хувцасаа бэлд. Монгол руу буцах хүртлээ ээжтэйгээ амьдар гээд нулимс нь цийлэгнэж зогссон юм. Ээжээ энэ захианы хамгийн гол зүйл бол би таньд асар их хайртайгаа хэлэх гэсэн юм.Тантайгаа уулзах өдөр хоногоо тоолон сууна. Намайг төрүүлсэн ээж шиг минь чин сэтгэлийн хайраа надад харамгүй зориулсанд талархаж байна ээжээ. Ээжээ энэ захиа тань руу минь очих өдрийг тэсэн ядан хүлээнэ. Санаад байна охин нь. Миний Монгол гэр бүлтэй хурдан танилцаж, хурдан охинтойгоо уулзаарай ээжээ. Миний үзэсгэлэнт Паг Ми Жин ээж. Охин нь ачийг нь заавал хариулнаа. Болдог бол одоо ч гэсэн нисээд очмоор байна. Ээжээ тандаа баярлалаа.

Хэцүү үед минь хажууд минь байсан тэнгэрийн элч минь

Хүнд үед минь баяр баясгаланг бэлгэлсэн дагина минь

Та минь энэ хороогийн алтан наран юм шүү.

Хайрт харь улсын ээж: Паг Ми Жин-д Охин- Тамираагаас

Эх сурвалж: mnb.mn

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх