Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Я.Ариунболд Канадын Торонто хотноо жил бүр зохион байгуулагддаг Уул уурхайн олборлогчдын чуулга уулзалт PDAC2020 арга хэмжээнд 3 дугаар сарын 1-4-ний өдрүүдэд оролцов. Торонто хотод ажиллах хугацаандаа Элчин сайд Я.Ариунболд Канад-Монголын Парламентын бүлгийн дарга, Торонто хотын Don Valley East дүүргээс Канадын Парламентад сонгогдсон хатагтай Ясмин Ратанзитай уулзаж Парламентын бүлгээс 2020 онд төлөвлөж буй үйл ажиллагааны талаар санал солилцов.
Мөн Канадын Альберта мужаас сонгогдсон Парламентын гишүүн ноён Дэйн Ллойдтой уулзалт хийж Монгол-Канадын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх талаар ярилцав.
Уул уурхайн олборлогчдын чуулга уулзалт PDAC2020 арга хэмжээний үеэр Канад-Еврази-Оросын Бизнес Нийгэмлэгээс зохион байгуулдаг CERBA Eurasia Mining Conference 2020 арга хэмжээнд Элчин сайд Я.Ариунболд оролцож үг хэлэв. Тэрээр Монголын хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл хийж, Монгол-Канадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийг сурталчлав. Тус арга хэмжээнд ОХУ, Казахстан, Узбекистаны уул уурхайн салбарын төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцож мэдээлэл хийсэн.