Эх орончдын өдрийн баярын мэндийг Монголын нийт ард түмэндээ өргөн дэвшүүлье!

2020 оны 02-р сарын 29 өдөр, 16 цаг 18 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ES_7169338048

Монгол Ардын Намын гишүүд дэмжигчид, Эрхэм журмын нөхөд өө !

Монгол Улсын түүхэнд нэгэн зууны түүхийг бүтээж буй улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам байгуулагдсаны түүхт 99 жилийн ой, Эх орончдын өдрийн баярын мэндийг Монголын нийт ард түмэндээ өргөн дэвшүүлье.

Монгол Ардын Намын түүх бол Монгол улсын XX зууны хөгжил дэвшлийн түүх юм. Эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөг бататган бэхжүүлэхийн төлөөх шаргуу тэмцэл, улсын их бүтээн байгуулалт, ард иргэдээ соёл, боловсрол, ахуйн шинэ төвшинд гаргасан нөр их ажил хөдөлмөр зүтгэл, Монгол улсаа дэлхий ертөнцөд тунхаглан таниулсан амжилтын түүх билээ.

Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцаж, Монгол эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө алтан амь, бүтэн амьдралаа зориулсан эх оронч баатарлаг дайчдаа мэхийн хүндэтгэе. Монгол Улсын түүхийн бүхий л цаг үед бодлогын төдийгүй бүтээн байгуулалтын үйлсэд залуу халуун нас, сэтгэл зүрхээ зориулсан эрхэм хүндтэй ахмад буурлуудынхаа гавьяа зүтгэлд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Одоогоос 99 жилийн өмнө Ази тивд Анхны улс төрийн хүчин байгуулагдсан энэ билэгт өдөр бол зөвхөн Монгол Ардын Намын төдийгүй, Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн хүчин, эх орон, тусгаар тогтнол, ард түмнээ гэсэн чин сэтгэлтэй Эх оронч хүн бүрийн баярын өдөр юм.

Монголын ард түмэн эрх тэгш, ёс суртахуунтай, шударга нийгэмд ажил орлоготой, эх орондоо үнэ цэнэтэй, сэтгэл тэнүүн сайхан амьдрах ёстой. Монгол Ардын Намаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа нь Монгол хүнээ хөгжүүлэх, оюун санаа, эдийн засаг, төрийн Тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхэд тууштай чиглэгдсээр ирсэн.

Өнгөрсөн 2015-2016 онуудад Монгол Улсын эдийн засаг уналтад орж, улсын сан хоосорч, гадаад өр зээлээ төлж чадахгүй дампуурлаа зарлахад ойрхон байсан асар хүнд цаг үед Монгол Ардын Нам засгийн эрхийг авсныг та бид мэдэж байгаа.

Бид түүнээс хойш улс орноо хямралаас гаргахын тулд санхүүгийн сахилга батыг чангатгаж, улсын төсвийн алдагдлыг бууруулах шат дараалсан арга хэмжээг амжилттай  хэрэгжүүлсэний үр дүнд эдийн засаг сэргэж, 8 их наяд төгрөгийн тулгамдсан өр төлбөрийг төлж барагдууллаа. Мөн түүнчлэн Монгол Улс анх удаа уул уурхайн орлогоосоо ирээдүй үе, үр хүүхэддээ өвлүүлэх 538 тэрбум төгрөгийн хуримтлалыг Ирээдүй өв санд бий болголоо. Энэ жил буюу 2020 онд 1 их наяд төгрөгийн хуримтлалыг нэмж төвлрүүлэн нийт 1,5 их наяд төгрөгийн хуримтлалтай болно. Энэ хуримтлалыг 2030 он хүртэл гар хүрэхгүйгээр нэмэгдүүлэн хуримтлуулах бөгөөд 2030 оноос эхлэн зарцуулах зохицуулалт хийсэн. Бид ирээдүй хойчдоо Өр биш Өв үлдээнэ.

Өнгөрсөн хугацаанд манай Засгийн газар олон жил яригдсан Газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, шинэ Нисэх онгоцны буудал, Дулааны цахилгаан станц, Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Усан цахилгаан станц, Цэвэрлэх байгууламж, Сайжруулсан түлшний үйлдвэр, Саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музей, орон сууцны хороолол, гэр хорооллын дэд бүтэц, авто зам, хурдны зам, төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байна.

Бид бие даасан, хараат бус, олон тулгуурт эдийн засагтай хөгжлийн бодлого, үйл ажилагааг хэрэгжүүлснээр Монгол улсад бүтээн байгуулалтын  шинэ үеийг эхлүүллээ. Эх орон маань одоо хөгжил дэвшлийнхээ гараан дээр зогсож байна. Сайн сайхан амьдралд хүрэх ирээдүй ойрхон байна.

Бид бүтээн босгосон Улс орноо улам цогцлоон хөгжүүлж, Тусгаар тогтнолоо бататган хамгаалж, ард түмнээ эрүүл энх, амар амгалан, аз жаргалтай байлгахын төлөө чин сэтгэл, идэвх зүтгэл гарган ажиллаж Монгол Ардын Намынхаа түүхт 100 жилийн ойг амжилт, бүтээлээр дүүрэн угтаж чадна гэдэгт Ууган намын дарга, Улсын Ерөнхий сайдын хувьд итгэл төгс байна.

Монгол эх орныхоо төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй  та бүгддээ, намынхаа бүх гишүүд, дэмжигчид, элэг нэгт Монгол ахан дүүсдээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

МОНГОЛ УЛС ҮҮРД ЦЭЦЭГЛЭН ХӨГЖИЖ, МОНГОЛ ХҮН БҮР

ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ БОЛТУГАЙ.

АРДЫН НАМ, АРДЫН ЗАСАГ МАНДТУГАЙ!

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД

УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (202.179.27.***)
    2020/02/29 19:35

    Сайхан мэндчилгээ дэвшүүлсэнд баярлалаа. Бүгдээрээ хичээн зүтгэж хөгжил дэвшилд хүрцгээе. Танд амжилт хүсье.

    (0) (0)