Дэлхий нийтийг цочролд оруулаад байгаа COVID-19/Корона/ вирусийн эсрэг улс үндэстэн бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа энэ үед хамгийн их эрсдэлтэй орны тоонд Монгол улс багтсан. Тэр тусмаа нийт хүн амын 50 гаруй хувь нь оршин суудаг нийслэл Улаанбаатар гамшиг эрсдлийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа. Ийм нөхцөлд эрсдлийн бэлэн байдлыг шалгах ажлын хүрээнд Хотын захирагч С.Амарсайхан Багануур дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Монхимо” ХХК-ий эмийн үйлдвэрт ажиллалаа.
Энэ үйлдвэр нь монголдоо төдийгүй гадаадад олон нэр төрлийн ариутгал халдваргүйжүүлэлтийн болон билогийн идэхвхит эм, эмийн бүтээгдэхүүнээ худалдаалдаг. Гамшиг эрсдлийн өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа энэ цагт тус үйлдвэрийн гол бүтээгдэхүүн болох гар ариутган халдваргүйжүүлэгч гель “Санитол”-ийг үйлдвэрлэхээр гурван ээлжээр 24 цагаар ажиллан бүтээгдэхүүнээ нэн шаардлагатай газруудад нийлүүлж байгаа гэнэ. Тус үйлдвэрт үйлдвэрлэдэг гар халдваргүйжүүлэгч гель “Санитол” энэхүү бүтээгдэхүүнээр улсынхаа хэрэглээг бүрэн хангадаг гэнэ.
Өдөрт 3-5 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай ч уг бүтээгдэхүүний түүхий эд болох хүнсний зориулалттай спиртийн нөөц хомсдож байгааг тус үйлдвэрийн захирал М.Ариунаа хотын даргад хэллээ. Хотын дарга энэ талаар “АПУ” ХК-ий удирдлагуудтай тэр даруй утсаар ярьж үдээс хойш гэхэд “АПУ” ХК гурван тонн хүнсний спиртийг “Монхимо” эмийн үйлдвэрт нийлүүлэхээр болсон байна.
“Монхимо” эмийн үйлдвэрийн захирал М.Ариунаа бүтээгдэхүүний нөөцийг шийдсэн Хотын даргад талархлаа илэрхийллээ. “Монхимо” ХХК-ий удирдлагууд Хотын даргад үйлдвэрийнхээ лабораторид туршиж буй шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээллээ хүргэлээ.
– Эрдэнэт үйлдвэрээс гардаг цагаан шороо болон Шахмал түлшний үнсийг ашиглан блок, хавтан, барилгын материал, авто замын асфальтбетон хийх боломжийн талаарх судалгаа
– Шахмал түлшийг мод ашиглахгүйгээр хурдан асаах шахмал бэлдэц
– Шахмал түлшийг норох, ус чийгнээс хамгаалах шингэн түрхлэг гээд нийслэлийн гол анхаарах асуудлыг шийдэх бүтээгдэхүүнүүдээ онцлон танилцууллаа.
Туршиж буй эдгээр бүтээгдэхүүнүүд бүгд БНСУ-н техник технологиор туршигдан үйлдвэрлэхэд бэлэн болооод байгаа аж. Хотын захирагч С.Амарсайхан “Гамшиг эрсдэлтэй байгаа өнөө цагт нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүн ардынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа танай хамт олонд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархаж байна. Агаарын бохирдол, түүхий нүүрсний хэрэглээтэй холбоотойгоор танай лабораторид туршилт, судалгаа хийгдэн үйлдвэрлдэхэд бэлэн болоод байгаа эдгээр бүтээгдэхүүнийг нийслэлийн зүгээс ямагт дэмжиж ажиллана” гэлээ.