“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ”-г байгууллаа

2020 оны 02-р сарын 21 өдөр, 15 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5e4f88aa2be104.01709708

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төр ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан юм. Монгол Улсын Засгийн газар Салхитын мөнгө, алтны ордыг төрийн мэдэлд авах шийдвэр гаргаж, энэ дагуу шуурхай арга хэмжээ авч Салхитын мөнгө, алтын ордын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-д шилжүүлсэн. Хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК богино хугацаанд шуурхай ажиллаж, “Эрдэнэс” бондыг дотоодын санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд арилжаалж, үнэт цаасаар босгосон хөрөнгийг Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулж байна.

“Эрдэнэс бонд” үнэт цаасаар босгосон хөрөнгөөр 228,493 иргэн 6 сая төгрөг, түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж (үүний 43,892 иргэн 1 сая төгрөг хүртэлх зээлтэй), 194,807 иргэн 1 сая төгрөгийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөнгөжих үнэт цаас эзэмших замаар нийт 423,300 тэтгэвэр авагч иргэн байгалийн баялгийн өгөөжөөс хүртэх юм.

“Эрдэнэс Монгол” ХХК өнөөдөр /2020.02.21/ Төрийн банк, ХААН банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Улаанбаатар хотын банк Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитрон банктай “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар (Эрдэнэс бонд) төлөх тухай гэрээ”-г байгуулж байна. Ингэснээр Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэж, тэтгэврээ бүрэн авах баталгаатай боллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Сар шинийн босгон дээр Эрдэнэс Монгол компани “Эрдэнэс” бондыг гаргаж, албан ёсоор албажуулж, арилжааны банкуудад шилжүүлж, улмаар арилжааны банкуудаас тэтгэврийн зээлийг тэглэх ажил албан ёсоор гэрээнд гарын үсэг зурснаар албажиж, төгөлдөржиж байна. Энэ ажилд цаг завгүй чин сэтгэлээсээ ажилласан бүх хүмүүст талархал илэрхийлье. Монгол Улсад байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх үндсэн зарчимд нийцүүлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үзэл санаа бодитой хэрэгжиж байгаагийн жишээ юм” гэлээ.

“Эрдэнэс Монгол” компанийн захирал П.Ганхүү “Эрдэнэс бонд”-ыг арилжих, худалдан авах тухай гэрээ арилжааны банкуудтай хийгдлээ. Арилжааны банкуудын худалдан авч байгаа энэхүү бонд нь жилийн зургаан хувийн өгөөжтэй, таван жилийн хугацаатай. Энэхүү бондын өгөөжийг УИХ-ын тогтоол, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тооцож, хуульчилсан. Тэтгэврийн зээл тэглэх асуудал нь анхнаасаа Монголбанкны санаачилга, тооцоололд үндэслэсэн. Тиймээс зах зээлийн нөхцөлд шилжүүлэх ажлыг Монголбанк зохицуулж ажиллана. Эх үүсвэрийг хэрхэн татан төвлөрүүлэх вэ гэдэг дээр Монголбанк арилжааны банкуудтай хэлэлцээр хийж, тохирсон. Тиймээс арилжааны банкууд манай компанийн гаргасан зургаан хувийн өгөөжтэй бондыг шууд худалдан авах гэрээг өнөөдөр байгууллаа. Бондын 66.3 хувийг Хаан банк, 223 хувийг Төрийн банк, үлдсэн хувийг бусад долоон банк худалдан авна. Салхитын мөнгөний ордын шинэ ТЭЗҮ гарсан. Энэ ордын үйл ажиллагаа хэвийн үргэлжлээд явж байна. Тэтгэврийн зээл тэглэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхийн тулд бид баяжуулах үйлдвэрээ яаралтай байгуулж, олборлолтыг богино хугацаанд ашигтай явуулах шаардлагатай бөгөөд энэ хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд шуурхай ажиллаж байна” гэв.

 Мөн “Эрдэнэс Монгол” нэгдэлд Засгийн газраас маш бодитой дэмжлэг үзүүлж, Мон-Атом, Асгат, Салхитын орд болон Багануурын 400 сая тонны нөөцтэй хүрэн нүүрсний ордыг шилжүүлээд буй. Тиймээс эдгээр ордын ашиглалтыг сайжруулж, байгалийн баялгийг ард иргэддээ тэгш хуваарилах Үндсэн хуулийн суурь заалтыг үндэслэн бонд гаргах ажилд оролцож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхээр тусгасан. Энэ дагуу “Эрдэнэс Монгол” ХХК Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхэд бэлэн болсон. Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлого буюу байгалийн баялгийн үр өгөөжийг XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн босгон дээр уламжлалт Сар шинийн баярын өмнө ийнхүү шийдвэрлэж байна.

Эх сурвалж: “Эрдэнэс Монгол” ХХК

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх