ГССҮТ-ийн эмч нар нэг өдрийн цалингаа Ухань ажиллаж буй эмч нарт хандивлана

2020 оны 02-р сарын 18 өдөр, 15 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
3822ef382cb1031e7e2f42a2ae43ceaf6b28374e

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийв.
Салбар яамны зүгээс иргэдийг аль болох шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, хот хооронд, орон нутагт зорчихгүй байхыг зөвлөсөөр байна. Мөн халдвар гарсан улс оронд зорчиод ирсэн иргэд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрээгүй ч гэсэн эмнэлгийн байгууллагад хандаж шинжилгээ өгөх ёстойг анхаарууллаа.
Хурлын эхэнд ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвар тархах нөхцөл байдалтай байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн яамнаас үнэн бодит, баталгаат мэдээллийг хурлаараа дамжуулан өгч байгаа.

Энэ өдрийн хурлыг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар “Нэг дэлхий-Нэг хүч” уриан дор БНХАУ-ын Ухань хотод ажиллаж буй эмч нартаа нэг өдрийн цалингаа хандивлан, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх сайхан үйлсэд нэгдэхээр болсон тухай сайхан мэдээгээр эхлүүлж байна” гэв.

Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар 73,331 тохиолдол, 1,872 нас баралт бүртгэгдээд байгаа аж. Түүнчлэн БНХАУ-аас гадна 25 улсад 803 тохиолдол, гурван иргэн нас баржээ. Нийт тохиолдолд хийсэн судалгаагаар халдварын 86.6 хувь нь 30-79 насанд илэрсэн байна.

Энэ талаар ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “Шинэ коронавирусийн халдварын дэгдэлт нэгдүгээр сарын 23-26-нд оргилдоо хүрсэн ч өдгөө буурах хандлагатай байна. Халдварт вирусийн голомтод ажиллаж байгаа эмнэлгийн 1,716 ажилтан халдвар авснаас тав нь нас барсан мэдээтэй. Мөн маш хүнд гэж оношлогдсон өвчтнүүдийн нас баралт 49 хувийг эзэлж байгаа.

Энд нэг зүйлийг тодруулахад, ДЭМБ-аас хавьтлын тусгаарлалтыг 14 хоног үргэлжлүүлэхийг зөвлөж байгаа” гэв.

Мөн ЭМЯ-ны Эм зүй, эм судлалын мэргэжлийн салбар зѳвлѳлийн гишүүн Д.Энхжаргал “Халдварын нас баралтыг бууруулах эмнэлзүйн тушилтууд хийгдсээр байна. БНХАУ-д 80 гаруй судлагаа хийгдэж байгаагийн 15 нь нэлээд үр дүнтэй байгааг мэдээлсэн.
Уламжлалт анагаах ухааны зарим эмийг орчин үеийн вирусийн эсрэг үйлчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байгаа талаар судалгаа хийгдсэнийг өчигдөр мөн танилцуулсан” хэмээв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэр аймагт  хоёр хүн, нийт таван хүн тусгаарлагдсан. Лабораторийн шинжилгээний хариу гараагүй байна. Иргэд шинжилгээ хийлгэхээр ХӨСҮТ-д хандаж байгаа. Голдуу томуугийн халдвартай иргэд ирж байна. Гэвч эмнэлэг олон төрлийн халдвар цугладаг газар учраас эмнэлгээр их явахгүй байх нь зүйтэй гэсэн байдлаар хандаж байгаа. БНХАУ-ын Эрээн хотод хувиараа ажил хийдэг, өнгөрсөн сард хилээр нэвтрээд буцаж гарсан, Эрээн хотын худалдааны төвөөс түүхий загас авч идсэн гэх өгүүлэмжтэй хүний шинжилгээний хариу сөрөг гарсан” гэдгийг тодрууллаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх