Урд хөршид шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 халдвар тархаж, хүнд нөхцөл байдал үүссэн энэ цаг үед
Эрхэм уншигч танд дээрх захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.БНХАУ-ЫН ТӨВ РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРАЛ
ШЭНЬ ХАЙСЮН ТАНАА
“ТА БИД ДЭЛХИЙ ХЭМЭЭХ НЭГЭН ДЭЭВЭР ДОР ХАМТ АМЬДАРДАГ”
Хятадын Төв радио, телевизийн захирал, эрхэм хүндэт Шэнь Хайсюн танаар уламжлан БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Лувсандашийн Нинжжамц миний бие болон манай хамт олноос энэхүү захидлыг хүргэж байна.
Шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 халдвар дэлхийн улс орнуудад хурдацтай тархаж, энэ халдварын эсрэг БНХАУ-ын ард түмэн тууштай тэмцэж байгаад бид бүхэн сэтгэл санаа нэг байгаагаа илэрхийлж байна.
Та бид дэлхий хэмээх нэгэн дээвэр дор хамт амьдардаг тул хамтдаа энэ аюулт өвчнийг ялан дийлж, урьдчилан сэргийлж чадна гэдэгт бат итгэлтэй байна.
МҮОНРТ нь үндэсний хэмжээний өргөн сүлжээтэй радио, телевиз болохынхоо хувьд ард иргэдийг үнэн бодит мэдээллээр шуурхай хангах, урьдчилан сэргийлэхээр хичээн ажиллаж байна. Өдөр тутам хүргэдэг сүүлийн үеийн мэдээ, мэдээллийн хөтөлбөрийн хөтлөгч, нэвтрүүлэгчдээр дамжуулан ард иргэдийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалтаа хэрэглэхийг тогтмол сануулж ирлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн баярын өмнө дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусний халдвар, цар тархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг олноор тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргалаа.
Монгол Улсын Засгийн газраас шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх шат дараалсан арга хэмжээнүүд авч байгаа бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл бүх шатны их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна. Энэ цаг үед МҮОНРТ нь ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн сурагчдад теле хичээлийг төлөвлөсөн хуваарийн дагуу радиогийн болон телевизийн 1, 2, 3 дугаар сувгаараа дамжуулан нэвтрүүлж байгаа нь эцэг эх, багш, сурагчдын талархлыг хүлээж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилтнууд бид өвчин тархах голомт, эрсдэлт орчинд ажилладаг тул байгууллагынхаа бүх ажилтнуудыг амны хаалт зүүж хэвших, гар болон ажлын байрыг ариутгах ажлыг тогтмолжуулж байна. Мөн түүнчлэн МҮОНРТ нь байгууллагын доторх нийтийг хамарсан үйл ажиллагааг хязгаарлаж, ажиллагсдаа богиносгосон цагаар ажиллах шийдвэр гаргалаа.
Олон нийтийг төөрөгдүүлэх, ашиг хонжоо олох, тодорхой улс орон, ард түмнийг муухайгаар харагдуулах худал мэдээллийн эсрэг МҮОНРТ болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага, үзэг нэгт сэтгүүлчид хамтран тэмцэж, үнэн бодит мэдээллээр олон нийтийг хангах нь бидний үүрэг гэж үзэж байна.
Манай ард түмэн “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” хэмээн хэлэлцдэг бөгөөд шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 халдварын тархалтын эсрэг тэмцэж буй энэ цаг үед БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай сэтгэл санаагаар нэг байж, энэхүү аюулт өвчнийг хамтран ялан дийлнэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлж байна.
МҮОНРТ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Л.НИНЖЖАМЦ