Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт тус тус ажиллаж, болзошгүй эрсдлийн үед ажиллах бэлэн байдлыг шалгав.
Шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлж, эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна. БНХАУ-д гарсан шинэ коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор ДЭМБ-аас манай улсад 2020 оны нэгдүгээр сарын 21, 25, хоёрдугаар сарын 11-нд гурван удаагийн эрсдлийн үнэлгээ хийж, сүүлийн үнэлгээгээр шинэ коронавирусын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй бүсэд тооцоод байгаа билээ. Иймд орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, эрүүл мэндийн салбарт “Тохиолдлын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж, шаталсан арга хэмжээ авч, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад халдвартай улс орноос зорчиж ирсэн нийт 132 иргэнийг тусгаарлан сэжигтэй тохиолдлоор бүртгэж, тусгаарлан шинжилсний 87 нь Улаанбаатар хотод , 45 нь 15 аймагт бүртгэгдснээс шинжилгээний хариугаар бүгд үгүйсгэгдсэж, тус вирусээр халдварлагдаагүй болох нь тогтоогдсон билээ. Одоогоор ХӨСҮТ-д гурван хүн тусгаарлагдсаны нэг нь өчигдөр шөнө Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор иржээ. Харин Гашуунсухайт боомтоор орж ирсэн 12, Замын-Үүд боомтоор орж ирсэн 1 хүнийг тус тус орон нутгийн эмнэлгүүдэд тусгаарлан ажиглалт хийж байна. Болзошгүй эрсдлийн үед ашиглахаар ХӨСҮТ-д 200 ор, ЦТЭ-т 50 ор, УНТЭ-т 65 орыг тус тус бэлдэж, шаардлагатай тохиолдолд ЦТЭ-ийг бүрэн тусгаарлаж хоёр цаг хагасын дотор нүүлгэн шилжүүлэлт хийхээр бэлтгэл хангасан байна.
ХӨСҮТ-д иргэдээс 103,102,100 дугаарын утсаар дуудлага мэдээлэл 24 цагаар хүлээн авч, өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг гэрт нь хүрч хийх байдлаар Нийслэл даяар зохион байгуулалтад оруулжээ. Энэхүү уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч, эмнэлгийн ажилтан албан хаагчдад илүү цагийн хөлс олгохоо мэдэгдэж, лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар санхүүжилтийг шийдвэрлэнэ гэв. Мөн халдварт өвчний яаралтай дуудлагад хот дотор явдаг түргэн тусламжийн тэрэгний хүрэлцээ муу, парк шинэчлэлт хийх шаардлагатай хүсэлтийг ХӨСҮТ-ийн удирдлагууд гаргахад УАЗ- Фургон маркийн гурван автомашиныг өнөөдрөөс ХӨСҮТ-д өгөхөөр ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл газар дээр нь шийдвэрлэв.
Шинэ коронавирусын голомтын бүс БНХАУ-д гарсан дэгдэлтийн үеийн өвчлөлийн байдлаас үзэхэд тус вирусын халдварын эмнэлзүйн шинж нь амьсгалын хурц дутмагшил, бөөрний дутагдалд хүргэж байгаа учир АХБ-ны 4,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр амьсгалын болон диализын аппаратыг нэмэлтээр захиалж энэ сарын 25-ны өдөр ХӨСҮТ- д нийлүүлэхээр болжээ.
Сэжиглэгдсэн иргэдийн шинжилгээг ХӨСҮТ-ийн лабораторид хийж байгаа бөгөөд АНУ, Япон улсын халдварт өвчин судлалын лабораторитай яг ижил түвшинд хийж байгаа аж. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн үйл ажиллагааны бэлэн байдалтай танилцаж, цаг үеийн мэдээлэл сонсоод эмч, сувилагч, эмнэлгийн нийт ажилтан албан хаагчдад талархал илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ;
Дэлхий нийтийг цочирдуулж, тахлын хэмжээнд хүрч буй шинэ коронавирусын халдварын дэгдэлтийн энэ үед УОК, ЭМЯ, ХӨСҮТ болон нийт эрүүл мэндийн салбарын эмч ажилтан сувилагч мэргэжилтнүүд та бүхэн маань өдөр, шөнөгүй нойр хоолоо умартан өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаад Улсын Ерөнхий сайдын хувьд, иргэн хүний хувьд баярлаж байна, Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Хүнд хэцүү цагийг хамтдаа амжилттай давж, баярлан уулзахыг ерөөе.
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан үүрэгт ажлаа цаг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэж байна гэж үзэж байна. Та бүхнээс хамгийн сүүлийн үеийн бодит мэдээллийг цаг алдалгүй авч ажиллаж байна. Газар дээр нь нөхцөл байдалтай нь танилцаж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх шаардлагатай зүйлстэй биечлэн танилцах зорилготой. Шийдвэрүүдийг цаг алдахгүй гаргаж ажиллана. Урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалтыг хийхийг үе шаттай шийдвэрлэх хэрэгтэй байна. Бурханы авралаар, та бүхний хичээл зүтгэлийн үр дүнгээр шинэ коронавирус илрээгүй байна. Энэ бол том амжилт. Өмнө нь манай улс хэд хэдэн нийгмийн өвчнийг даван гарч чадаж байсан туршлагатай. Хамгийн гол нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, ард иргэдээ сэтгэлзүйн хувьд бэлдэх ёстой. Хүн бүрийн ажлын хариуцлага, сахилга бат, дэг журам чухал. Иргэддээ ойлгуулах ёстой. Засгийн газар, УОК арга хэмжээг шат дараалан авч байгаа.
Шинэ коронавирусын аюул дэргэд, хаалга тогшиж байна. Иймд үед дэлхийн улс орнууд тэр дундаа өндөр хөгжилтэй улс орны эрүүл мэндийн байгууллагуудаас та бүхэн дутахгүй шуурхай, амжилттай ажиллаж байна гэж харж байна. Иймээс хамгийн чухал зүйл урьдчилан сэргийлэх арга хэмжээ байна. Мэргэжлийн байгууллагын зохион байгуулалт, зөвлөгөөний дагуу Засгийн газар, УОК оновчтой шийдвэр гаргаж ажилламаар байна.
Цагаан сарын баярыг хязгаарлаж, нийтийн арга хэмжээнүүдийг цуцласан нь чухал юм гэдгийг иргэдэд шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж өгөхийг хүсч байна. Иргэд ч төрөөс гарсан шийдвэрийг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зөвлөгөөг даган хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Үүний дараа Монголын ард түмэн ямар хариуцлагатай хүмүүс вэ гэдгийг энэ үйл явдал харуулах байх. Иргэд маань өөрийн эрүүл мэнд, үр хүүхдийнхээ аюулгүй байдал, ахмад настнуудынхаа амь нас, улсынхаа аюулгүй байдал, үндэстнийхээ тусгаар тогтнолыг бат бөх байлгая гэж бодож байгаа бол хариуцлагатай байх ёстой. Хүн бүр маскаа зүүх хэрэгтэй. Цагаан сарын баяраар айл хэсэхгүй байх хэрэгтэй.
Бүх зүйлийг төрөөс хангах боломжгүй иргэн хүн өөрийнхөө, бусдын, гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгаалах ёстой. Энэ бол Монгол хүний үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Иргэн бүр, айл өрх бүр, аж ахуй нэгж байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч аюулт өвчний эсрэг хамтдаа сэргийлж, тэмцэж чадвал аюул осолгүй, халдварт өвчний дэгдэлт холуур тойрч гарч чадна гэж итгэж байна. Иймд иргэдээ хариуцлагатай, үүргээ биелүүлэхийг уриалж байна” гэсэн юм.
Шинэ коронавирусын халдвар авсан иргэнийг эмчлэх эмчилгээний явцад хоногт 20-25 ширхэг нэг удаагийн халдвар хамгааллын иж бүрэн хувцас хэрэглэл шаардагдах бөгөөд энэ нь их хэмжээний нөөцийг шаардаж буй юм. Үүнд зориулж ЭМЯ-аас Олон улсын бусад холбогдох байгууллагуудаар дамжуулж ирэх долоо хоногт бүрэн хангалт хийхээр шийдвэрлэж чадсан гэж ЭМ-ийн сайд мэдэгдлээ.
2020 оны хоёрдугаар сарын 17-ны өглөөний 08:00 цагийн байдлаар БНХАУ-д шинэ коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 70533, нас барсан хүний тоо 1767 болж, дэлхийн 26 оронд халдвар гараад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.