Д.Сарангэрэл: МОНГОЛ хүн бүрээ халдвараас хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоо тун чухал

2020 оны 02-р сарын 16 өдөр, 12 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
60245204_819295495117634_7168600218626162688_n

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цахим хуудсаараа дамжуулан уриалга гаргасан байна. Уриалгадаа “Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. Шинэ коронавирусын халдвар хэзээ намжих нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос.А.Г: – Улс орон бүр КОРОНА вирусыг цар тахлын хэмжээнд хүргэхгүйн төлөө одоо бололцоотой бүхнээ хийхгүй бол маргааш оройтно гэдгийг анхаарууллаа. Төр, засаг шуурхай шийдвэрүүдийг цаг үеийн байдлыг үнэлэн гаргаж буйг та бүхэн маань мэднэ.

Өвчин хэнийг ч ялгадаггүй билээ. Иймээс МОНГОЛ хүн бүрээ халдвараас хамгаалахад иргэд, олон нийтийн оролцоо тун чухал. Төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, компаниуд өөрийн ажилчид, тэдний ар гэрийг, СӨХ оршин суугчдаа, нийгмийн ажилтан баг, хороо,хэсгийн дарга нар харъяа иргэдтэйгээ тулж санаачлагатай ажиллах шаардлагатай. Яаж ажиллах юм? Юу хийх юм гэж үү? Энэ их энгийн.

Төр, засаг, Улсын онцгой байдлын комисс, Эрүүл мэндийн яам гээд иргэд, улс орноо аюулт өвчнөөс хамгаалахын төлөө гаргаж байгаа шийдвэр, авч байгаа арга хэмжээг анхаарч хэрэгжүүлэх, дагаж мөрдөх л учиртай. Үүнд дээр дурдсан болон дурдагдаагүй бүх газар оролцож иргэддээ тусалж тэднийгээ дэмжих.

Улс төрийн намууд, долоон мянга гаруй төрийн бус байгууллага, ахмад, эмэгтэйчүүд, залуучуудын, сурагчдын холбоо Та нар маань одоо л хөдөлдөг цаг шүү. Зохион байгуулалтад орж амны хаалт оёж аптекуудад нийлүүлж үгүйдээ ойр тойрныхноо, гишүүдээ хангацгаая. Орц гарцаа өдөр бүр цэвэрлэж хүн бүрт байнга гараа угаахыг сануулж, ээж аавууд үр хүүхэд, хөгшид хөвөөддөө халуун хоол унд хийж өгч, байгууллагууд ч ажилчдынхаа хоол ундны чанарыг улам сайжруулъя. Бие биендээ шаардлага тавья. Халдвар гарсан орнуудад мэдсээр байж зорчихгүй байя.

Бидний орхигдуулсан дутуу хөтүүг та бүхэн маань нэмээрэй. Ингэж л эрвийх дэрвийхээрээ хөдөлж байж хүн төрөлхтнийг донсолгоод байгаа вирусын давалгаанаас цохилт багатай гарахаас бус цагаан сарын маргааныг үргэлжлүүлэн өрнүүлэх нь оновчтой шийдэл огт бус санагдана. Эцэст нь хэвлэлийнхэндээ хандаж хэдэн үг хэлье. Коронавирусын халдварын тохиолдлыг анхлан мэдээлэхэд тэмүүлэхээс илүүтэй ард түмнээ, ажилчдаа, хүн бүрээ хамгаалахын төлөөх санаачлага бүрийг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөн өрнүүлэхийг уриалж байна. Энэ л сэтгүүлзүйн үүрэг мөн гавъяа билээ. Хэнэггүйн улмаас халдварт өртвөл халаглахад ч оройтсон байхыг харуулсан бодит жишээ бидний өмнө байна. Хэн бэлтгэл сайн хангана тэр ялдаг хуультай. ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАМТДАА ХАМГААЛЦГААЯ” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх