ЭМЯ: Коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдлээс сэргийлэн ажиллаж байна

2020 оны 02-р сарын 05 өдөр, 13 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
739be7799981b161b4a30407f9b462e6e2a8a1a5

ЭМЯ-наас шинэкоронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар өдөр бүр холбогдох албаны хүмүүсийн хамтаар мэдээлэл хүргэж буй билээ.
ДЭМБ-ын өгсөн мэдээллээр хоёрдугаар сарын 5-н буюу өнөөдрийн 10:00 цагийн байдлаар 24,483 хүн шинэ коронавирусийн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас баржээ. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байгаа аж.
Харин насны хувьд нийт тохиолдлын 80 гаруй хувь нь 30-70 настай хүмүүс байна. Вирусийн халдварын нууцлалын үе зургаан хоногтой байна. БНХАУ-аас бусад оронд гарч байгаа халдварын тохиолдол дандаа Хубэй мужид аялсан хүмүүсээс илэрч буй юм. Иймээс халдварын голомттой бүс нутгаар аялсан хүмүүс өөрийгөө 14 хоног бусдаас тусгаарлаж, биеийн байдлаа ажиглах хэрэгтэй гэдгийг зөвлөж байна.

Манай улсын хувьд, шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй. Гэхдээ халдвар бүртгэгдээд байгаа гадны улс орноос зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна. БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдлээ.
Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, шинэ коронавирусийн халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид иргэддээ зөвлөсөөр байгаа. Гэвч өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн. Тухайн иргэн өнгөрөгч сарын 30-нд Сөүлээс-Улаанбаатарын чиглэлд аяласан байгаа юм. Гэхдээ өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан нь сайн талтай.
Иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна. Зорчоод ирсэн тохиолдолд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл амны хаалт зүүгээд, эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа “БНХАУ-аас гадна 23 улсад 159 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо 1 байгаа. Сүүлийн 24 цагийн байдлаар зургаан тохиолдол шинээр нэмэгдсэн. Түүнчлэн 7,711 батлагдсан тохиолдолд дүн шинжилгээ хийвэл эрэгтэйчүүдэд зонхилон тохиолдож байгаа. Халдвар нэг сартайгаас 99 нас хүртэл бүх насанд бүртгэгдсэн. БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд Хубэй мужид зорчсон өгүүлэмжтэй байгаа учир халдварын голомт болон халдвар гарсан газруудад зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног тусгаарлахыг хүсэж байна.
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд: Бид 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байна. Аж ахуйн нэгжүүдэд эрүүл ахуй, халдвар хамгааллын чиглэлийн зөвлөгөө, албан даалгавар өгч ажилласаар байгаа. Мөн тодорхой давтамжтай хяналт, шалгалтыг явуулсаар байна.
Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон энэ хугацаанд хоёр сургалтын төв үйл ажиллагаа явуулж байсан зөрчил илэрснийг илрүүлж, хариуцлага алдсан нэг аж ахуйн нэгжид торгууль ногдуулсан.
Мөн хүнсний аюулгүй байдлыг хангахад анхааран ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй 15 нэр төрлийн 1,166 ширхэг бүтээгдэхүүнийг худалдаанаас татан авч, устгасан.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх