НҮБ-ын Хүнс, хөдөө ахуйн байгууллагаас санаачлан “Dairy Asia” Ази тивийн сүү үйлдвэрлэлийн индрийг 2014 онд үүсгэн байгуулсан. Энэ санаачилгад одоогоор Ази тивийн 13 улс нэгдэж ороод байна. Үүнд: Монгол, Тайланд, Хятад, Шри Ланк, Бутан, Бангладеш, Индонези, Афганистан, Филиппин, Энэтхэг, Мьянмар, Непал, Вьетнам.
Ази тивд нийгмийн хариуцлагатай, байгаль экологид ээлтэй сүүний салбарыг хөгжүүлэх, хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг сайжруулах, орон нутгийн болон бүс нутгийн эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад тус индрийн зорилго оршиж байна.
“Ази тивийн сүү үйлдвэрлэл” индрийн үйл ажиллагааг тогтмолжуулах, цар хүрээг нь өргөтгөх, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, Ази тивд сүү үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх зорилгоор Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод үүсгэн байгуулах саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас дэвшүүлсэн. Саналыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Ази Номхон далайн мал аж ахуй, мал эмнэлгийн комисс зэрэг олон улсын холбогдох байгууллагаас дэмжиж байгаа бөгөөд Ази тивийн сүү үйлдвэрлэлийн нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод байгуулах тухай Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дүгээр тогтоол батлагдаад байна. Тогтоолыг https://www.legalinfo.mn/law/details/15026?lawid=15026 линкээр татаж үзнэ үү.
Ази тив нь дэлхийн хүн амын 60 гаруй хувь, сүү үйлдвэрлэлийн 40 орчим хувийг бүрдүүлж байна. Ази тивд 48 улс байгаагаас “Ази тивийн сүү үйлдвэрлэл” санаачилгад одоогоор 13 улс нэгдсэн. Монгол Улс дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаатай тул НБДНГ-ыг үүсгэн байгуулах, тус санаачилгыг манлайлж, хэл соёл, шашин, угсаатны ялгаа ихтэй Азийн улс орнуудыг гишүүнээр нэмж элсүүлэх, хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна. Нөгөө талаар монголчууд бид таван хошуу малын сүүг бэлтгэх, ашиглах, хэрэглэх өвөрмөц соёл уламжлалтай ард түмэн. Зочноо хадаг, мөнгөн аягатай сүүгээр угтаж, сүүн цацлаар үддэг ёс заншилтай. Нүүдлийн соёл иргэншилтэй, уламжлалт мал аж ахуй зонхилсон манай улсын хувьд Ази тивийн сүү үйлдвэрлэл, хэрэглээнд онцлох ач холбогдол өгч Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод байгуулах нь зүйтэй байна.
Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод үүсгэн байгуулснаар Монгол Улсад төдийгүй Ази тивийн бүс нутагт дараах ач холбогдолтой гэж үзэж байна. Үүнд:
- Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын гадаад харилцаа хөгжиж шинэ шатанд гарна. Монгол Улсын сүүний салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, тогтвортой хөгжлийг хангах нөхцөл, боломж бүрдэнэ. Цаашид урт хугацаанд сүү, сүүн бүтээгдэхүүнийг бүс нутгийн болон олон улсын зах зээлд экспортлоход Монгол Улсын имиж төрхийг бүрдүүлж, стратегийн хувьд өргөн бололцоо нээгдэнэ.
- Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын олон улсын судалгааны институтийн дараа Монгол Улсад төвтэй олон улсын 2 дахь институц бий болж, гадаад харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ. Монгол Улсын гадаад нэр хүнд бэхжинэ.
- Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлого, хөдөө аж ахуйн салбарын идэвхтэй хамтын ажиллагаанд түшиглэн Төв Ази, зүүн хойд Ази, Баруун Азийн бүс нутгийн улс орнуудыг гишүүнээр элсүүлэх, Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг өргөтгөн зохион байгуулах нөхцөл, боломж бүрдэнэ.
- Ази тивийн бүс нутагт зөвхөн сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуй төдийгүй ингэ, гүү, хонь, ямааны сүү үйлдвэрлэлийг дэмжих, эрчимжсэн болон уламжлалт мал аж ахуйг хослуулах, сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн болон нэмүү өртгийн сүлжээг тогтвортой хөгжүүлэхэд түлхэц болно.
Ази тивийн сүү үйлдвэрлэлийн Нарийн бичгийн дарга нарын газрыг Улаанбаатар хотод байгуулж, дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
- Нарийн бичгийн дарга нарын газрын дүрмийг боловсруулах, институцийн чадавхийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Эхний шатанд Зүүн Азийн Япон, БНСУ, БНАСАУ, дараагийн шатанд Төв Азийн Казакстан, Киргизстан, Узбекистан, Тажикстан, Туркменистан, урт хугацаанд Ази тивийн бусад улс орнуудад гишүүнчлэлийн санал тавих, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
- Ази тивд сүү үйлдвэрлэлийг үндэсний болон бүс нутгийн төвшинд нэмүү өртгийн сүлжээгээр нь хөгжүүлэх техник туслалцааны төслийн санал боловсруулах, хамтран хэрэгжүүлэх саналыг Япон Улсын олон улсын хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны агентлаг /КОЙКА/ зэрэг байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
- Ази тивийн сүү үйлдвэрлэл, хэрэглээний ач холбогдлыг бүс нутаг, олон улсад бодитой сурталчлан таниулах зорилгоор “Dairy Asian messenger” нийгэм, соёлын элч төлөөлөгчдийг өргөмжлөх, хамтран ажиллах;
- Ази тивийн сүү үйлдвэрлэлийн салбарт харилцан туршлага солилцох нөхцөл, боломжийг бүрдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, урамшуулах зорилгоор дараах номинацыг шинээр бий болгох. Үүнд:
Dairy Asian best farm;
Dairy Asian best factory;
Dairy Asian best management;
Dairy Asian best practice.
6.Ази тивийн сүү үйлдвэрлэлийн индрийн www.dairyasia.org цахим хуудсыг шинэчлэх, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх;
7.Сүүний чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын цахим сүлжээ зохион байгуулах, судалгааны ажлын мэдээллийн цахим санг үүсгэх, ашиглах;
8.Бүс нутаг, олон улсын хэмжээнд нийгмийн хариуцлагатай хувийн хэвшлийн үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүдтэй түншлэх, урт хугацаанд хамтран ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлэх;
9.Холбогдох бусад.
Эх сурвалж: ХХААХҮЯам