Хилийн боомтуудыг хаасан ч дараах тохиолдолд улсын хилээр нэвтрүүлнэ

2020 оны 02-р сарын 02 өдөр, 14 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nOoHqiCQAzOxePqgHAJK

Коронавирусийн халдвараас хүн амыг урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын холбогдох шийдвэр гарч БНХАУ-тай хиллэж буй хилийн боомтуудыг 2020 оны гуравдугаар сарын 02-ныг хүртэл хаагаад байгаа билээ. Энэ нь зарим иргэдийн дунд төөрөгдөл үүсгэж, Улсын онцгой комисст хандан асуулт тавьсаар байгаа тул дараах шийдвэрийг гаргажээ.

Хорио цээрийн үед зайлшгүй шалтгаанаар тус улс руу зорчих, БНХАУ-д ажиллаж амьдарч буй иргэд эх орондоо түр хугацаагаар ирсэн ч зайлшгүй шалтгаанаар мөн буцах шаардлага байгаа зэргийг харгалзан үзэж Улсын онцгой комиссоос гаргасан тогтоол.

Үүнд: Гадаад улсад урт хугацаагаар амьдрах эрхтэй байнгын оршин суудаг, ажиллаж, суралцдаг бөгөөд Монгол Улсад түр зорчин ирээд байгаа болон хүндэтгэн үзэх шалтгаантай, дараах шаардлага хангасан иргэдийг улсын хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрөх аж.

-БНХАУ-д байнга оршин суудаг, ажил хөдөлмөр эрхэлдэг, суралцдаг Монгол Улсын иргэдийг Засгийн газрын тогтоолын дагуу хилийн боомтын нэвтрэх хөдөлгөөнийг хэвийн болтол эргэж ирэхгүй тохиолдолд баталгаа гаргуулж, тухайн иргэнийг нэг удаа агаарын болон төмөр замаар улсын хил нэвтрүүлнэ

-БНХАУ-аар дамжин өнгөрч гуравдагч орон руу зорчихоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ны өдрийн 39 дүгээр тогтоол гарахаас өмнө урьдчилж тасалбар захиалсан гадаадад сурч, ажил хөдөлмөр эрхэлдэг Монгол Улсын иргэнийг нэг удаа агаарын болон төмөр замаар улсын хил нэвтрүүлнэ.

Гэхдээ энэ тохиолдолд БНХАУ-аар дамжихдаа зөвхөн нисэх буудлын транзит замаар дамжин өнгөрнө.

-БНХАУ-ын иргэнтэй гэр бүл болсон, 0-18 насны хүүхэдтэй Монгол Улсын иргэнийг /эхнэр, нөхөр, хүүхэд нь Хятад улсын иргэн/ БНХАУ-ын Нийгмийн аюулаас хамгаалах яамны харьяа Иргэний хэргийн газраас эхнэр нөхрийг нь баталж нотолгоо гаргасан тохиолдолд улсын хилээр нэг удаа нэвтрүүлнэ.

-БНХАУ-д хот хоорондын хөдөлгөөн түр зогсоож хөл хорио тогтоосны улмаас Монгол Улсын Засгийн газрын 39 дүгээр тогтоолын 1,2-т дурдагдсан боомтуудад очих боломжгүй Монгол Хятадын хилийн  Шивээхүрэн-Сэхээ, Гашуунсухайт-Ганцмод авто замын боомтуудад байгаа Монгол Улсын иргэдийг улсын хилээр нэг удаа нэвтрүүлнэ.

-Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, тэдгээрийн дундаас төрсөн 0-18 нас хүртэлх хүүхдийг улсын хилээр нэг удаа нэвтрүүлнэ.

-БНХАУ дахь хөл хорио тогтоогоогүй бүс нутагт тогтмол эмчилгээ хийлгэдэг, эмнэлгийн хяналтад байдаг, эмнэлгийн төлөвлөгөөт болон яаралтай хагалгаанд орох Монгол Улсын иргэдийн хүсэлтийг тухайн эмнэлгийн  байгууллага нотломж гаргаж баталгаажуулсан тохиолдолд холбогдох баримт бичгийг үндэслэж агаарын болон төмөр замаар улсын хилээр нэг удаа нэвтрүүлнэ.

Энэхүү заалтад багтсан иргэдийг Монгол Улсад буцаж ирэхтэй холбоотой зардал, төлбөрийг өөрсдөө хариуцах баталгаа гаргуулж, нэвтрүүлнэ.

Мөн дээрх заалтаас бусад тохиолдолд авто зам, төмөр зам, агаарын хөлгөөр БНХАУ руу зорчихоор урьдчилан тасалбар авсан иргэдийн тасалбарын үнийг эргүүлэн олгож, тус улс руу зорчих тасалбар түгээх үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл түр зогсооно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх