БНХАУ-ын Ухань мужид гарсан корона вирусаас урьдчилан сэргийлэх ажлыг Монгол улсын хэмжээнд зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын болон Нийслэлийн онцгой комисс, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар, ЭМЯ, ХӨСҮТ болон холбогдох газрууд өдөр тутам хэвлэлийн бага хурал хийж, явцын мэдээлэл танилцуулахаар болсон. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10.00 цагийн байдлаар корона вирусээр өвчилсөн хүний тоо 2796, нас барсан хүний тоо 80 болсон тухай албаныхан мэдээллээ. Эдгээрээс БНХАУ-д 276 тохиолдол, хилийн чанадад 35 тохиолдол бүртгэгджээ. БНХАУ-ын ЭМЯ-ны мэдээлэлд 461 хүн сэхээн амьдуулах тасагт эмчлэгдэж, бүрэн эдгэрсэн 49 хүн байгааг дурьдлаа.
Одоогоор Монгол Улсад корона вирусын тохиолдол бүртгэгдээгүй хэдий ч иргэдэд анхааруулга мэдээлэл хүргэх, урьдчилан сэргийлэх ажлуудыг шат дараатай зохион байгуулж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Улмаар ирэх 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дугуйлан, дамжаа, тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаад байна. Амьсгалын замын томуу, томуу төст өвчтэй хүүхдээ харж асарч байгаа эцэг эхчүүдэд 5 хоногийн цалинтай чөлөө олгохыг төр, хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад санууллаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ХАБЭА-н хэлтсээс корона вирусаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, ажиллагсдадаа маск зүүх шаардлага тавьж, ариутгал халдваргүйжилтийг хувь хүн бүр өрөө тасалгаандаа хийхийг анхааруулж байна. Мөн олон нийтийг хамарсан ажлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг мөрдөж ажиллахаа мэдэгдлээ.