Америкийн “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс шинэ төрлийн коронавирустэй тэмцэхэд БНХАУ-д дэмжлэг үзүүлэх зорилгоор буяны сангаасаа 5 сая ам.доллар хандивлажээ. “China Daily” сонинд мэдээлснээр, Билл болон Мелинда Гейтсийн сан энэ асуудлаар уушгины хатгалгаа өвчний дэгдэлтийг дарах ажилд оролцож буй Хятадын хувийн болон төрийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Хандивын мөнгийг халдвар авсан хүмүүсийг илрүүлэх, тэднийг тусгаарлах, эмчлэхэд, мөн уг вирусний вакциныг гарган авах ажилд зарцуулах ажээ.
Билл Гейтсийн сангийн Хятад дахь салбарын тэргүүн Ли Иногийн мэдээлснээр, тус буяны байгууллага мөн Африкийн орнуудад шинэ коронавирусний халдвар тархах эрсдэлийг хянах, бууруулах арга хэмжээ авахад зориулж, 5 сая ам.доллар гаргасан байна.