П.САЙНЗОРИГ: 2019 онд гэмт хэргийн гаралт 13 хувиар БУУРЧ, илрүүлэлт нэмэгдсэн

2020 оны 01-р сарын 23 өдөр, 12 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
88vyb

УИХ өнгөрсөн долоо хоногт Эрүү, зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг эцэслэн баталсан. Энэхүү батлагдсан хуулийн төслийн онцлох өөрчлөлтүүдийн талаар ХЗДХЯ-ны хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой ярилцлаа.

Энэ удаагийн парламент бүрэн эрхийнхээ хугацаанд Эрүү, зөрчлийн хуульд хоёр дахь удаагаа гар хүрч байж баталлаа. Энэ талаар тодруулахгүй юу? 

УИХ-аас эрх зүйн шинэчлэл, бодлогын хүрээнд 2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчлийн тухай хууль батлагдсан. Энэ хуулийг хэрэгжүүлэх процессын  хууль, дээрээс нь Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиуд батлагдаагүй  байж байгаад УИХ-аар ёсчлогдож амжилгүй буцаагдсан. Үүнтэй холбоотойгоор эдгээр хуулиудыг шинэчлэн батлуулах, эрүү, зөрчлийн хууль батлагдах явцад нэлээн зөрчилтэй зүйлүүд байсан. Тиймээс үүнийг засаж сайжруулах сайжруулах шаардлага гарч ирсэн.

Энэ хүрээнд 2017 онд Засгийн газрын зүгээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиудыг батлуулсан. Үүнээс хойш эрдэмтэн судлаачид, хууль сахиулагчид, прокурор, шүүхээс саналыг авч дээрх хуулииуд хэрэгжих явцад гарч буй тодорхой хүндрэл, бэрхшээл, зөрчлийг  засах зорилгоор 2018 оны долдугаар сард  МУ-ын Засгийн газраас эрүүгийн багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Уг төсөлд энэ хуулийг нэг мөр хэрэгжүүлэхтэй холбоотой нэлээдгүй өөрчлөлтүүд орсон. Тухайлбал, олон нийтийн анхаарлыг татаад буй хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтууд байна. Хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл тоолж байсан бол одоо яллагдагчаар татсанаар хөөн хэлэлцэх хугацаа зогсч байгаа. Өөрөөр хэлбэл цаашдаа тухайн этгээдийг хуулийн дагуу шалгаад шүүхийн шатандаа гэм буруутай нь тогтоогдвол эрүүгийн хуулиар  хариуцлага хүлээлгэх тогтолцоо руу явж байна аа гэсэн үг.

Энэ удаагийн өөрчлөлтөөр зөрчлийн тухай хуулиас эрүүгийн хэрэг рүү шилжиж байгаа зохицуулалтуудын талаар дэлгэрүүлэхгүй юу?

Зөрчлийн тухай хуульд зөрчил болгон тооцсон байсан зарим үйлдлийг гэмт хэрэг рүү шилжүүлсэн. Жишээ нь биеэ үнэлэх, мөрийтэй тоглоомыг зохион байгуулах зэргийг эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор болсон. Мөрийтэй тоглоомыг зохион байгуулахыг зөрчлийн хуулиас эрүүгийн хэрэг рүү оруулж ирэхдээ 5 жил хүртэл хорих ял оноохоор оруулж ирсэн.

Мөн тодорхой гэмт хэргүүдийн шинжийг илүү тодотгох шаардлага гарсан. Тухайлбал, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, хар тамхитай холбоотой гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах заалтууд орсон.

Өмнө нь хар тамхийг улсын хилээр нэвтрүүлэхэд 2-8 жилийн ялтай байсан бол энэ удаад 5-12 жилийн ялтай болгон чангатгасан. Зохион байгуулалттай бүлэг энэ гэмт хэргийг үйлдсэн бол бүх насаар нь буюу 20 жилийн ял авахаар орсон. Өөрөөр хэлбэл улсын хилээр хар тамхи оруулж ирж, худалдаалж буй гэмт хэрэг шйлдэж буй этгээдүүдтэй хууль бүх насаар нь араас мөшгиж мөрдөнө гэсэн үг. Ийм байдлаар нэлээдгүй өөрчлөлтүүд орсон.

Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр малын хулгайн ялыг чангатгасан нь нүдээ оллоо хэмээн иргэд харж байгаа?

Малын хулгайтай холбоотой нэг зүйлийг л онцолмоор байна. Малын хулгайтай холбоотой хууль 2015 онд батлагдахдаа ч гэсэн өнчин ишиг хулгайлсан ч 6 сараас 5 жилийн хорих ялтай байсан. Харин хорих ялаас гадна нийтэд тустай ял оногдуулах бололцоотой байсан. Энэ төрлийн буюу нийтэд тустай ялыг түлхүү оногдуулаад байгаа нь иргэд, малчдын дунд малын хулгай ялгүй болцон юм биш биз дээ гэсэн ойлголт явсан. Мөн малын хулгайн гэмт хэрэг өнгөрсөн онд өмнөх оныхоосоо 70 орчим хувиар өсч, 1908 гэмт хэрэг бүртгэгдсэн. Тиймээс 2015 онд батлагдсан хуулийн эргэлзээг арилгах, тус гэмт хэргийн өсөлтөөс шалтгаалан малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх энэ арга механизмыг ялын бодлогоор дэмжиж өгөх нь зүйтэй хэмээн үзэж засгийн газраас өргөн барьсан. Мөн нэр бүхий УИХ-ын гишүүдээс ч хуулийн төслийг өргөн барьсан. Эдгээр хуулийн төслүүдийг нэгтгээд мал хулгайлах гэмт хэрэг зөвхөн хорих ялтай болсон.

Нийтэд тустай ял байхгүй болсон гэсэн үг.

Түүнчлэн олон тооны мал хулгайлах, бүлэглэж үйлдэх, улсын хилээр нэвтрүүлж үйлдэх эсвэл амьжиргааны эх үүсвэр болсон мал хулгайлах юм бол ял хариуцлагыг нь нэлээн чангатгаж байна гэсэн үг. Зохион байгуулалттай бол үүнээсээ ч илүү ялтай буюу 5-12 жилийн хорих ялтай байгаа. Яах аргагүй малын хулгайн гэмт хэргээс шалтгаалан ялын бодлогыг нэлээн хатуу болгон чангатгасан.

Төрийн байгууллага, улс төрчтэй холбоотой худал мэдээлэл тараавал эрүүгийн хуулиар шийтгэгдэх нь гэсэн ойлголт бас яваад байгаа?

Засгийн газрын зүгээс эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөнд гүтгэхтэй холбоотой заалтанд гэмт хэргийн хохирогч нь төрийн байгууллага, улс төрд нөлөө бүхий этгээд бол энэ хуулийн заалт үйлчлэхгүй хэмээн оруулсан. Ажлын хэсэг дээр мөн тодорхой этгээдүүдийн саналыг хэлэлцээд олон нийтийн сүлжээгээр хүний нэр хүндэд халдсан илтэд худал мэдээлэл тараасан тохиолдолд хорилгүй 3 хүртэлх сар зорчих эрхийг нь хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх, торгох хариуцлага оногдуулахаар байгаа.

Хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй бол хилийн хориг тавих хүртэл хариуцлага оногдуулахаар болсон?

Нийгэмд гэл бүл салалт асуудал болоод байна. Хохирогч нь хүүхэд байх хандлага их байна. Энэ үүднээсээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхггүй байгаа эцэг, эхчүүдэд зөрчлийн хуульд 30 хүртэлх хоног баривчлах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд улсын хилээр гарахыг хязгаарлах ийм зохицуулалтууд орсон. Тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй 3 сар болсон тохиолдолд гадагшаа явахыг нь хязгаарлах, баривчлах  хүртэл ийм нөхцөл байдал үүсч байгаа. Цаашдаа эцэг эх байх үүрэг, ухамсараа ойлгох нь чухал байна аа.

Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг мөн зохицуулж өгсөн байсан?

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой бас нэг зүйл нь орсон нь татвараас зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа. Энэ төрлийн гэмт хэрэг нь 2-3 жилийн дараа хяналт шалгалтаар илэрдэг. Тиймээс татвараас зайлсхийх гэмт хэрэгт хариуцлага оногдуулах бололцоогүй болчихоод байсан учраас Засгийн газрын зүгээс өргөн барихдаа татвараас зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 5 жил байхаар тусгайлан авч үзэж хуульчилсан.

Өөрөөр хэлбэл ял завших, хууль биелүүлэхгүй байх бололцоогүй болсон гэсэн үг.

ХЗДХЯ-аас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сүүлийн жилүүдэд их өргөн хүрээнд явуулсан. Гэмт хэргийн гаралтанд хэр нөлөөлсөн бэ?

Мэдээж ял хариуцлагаар бүх асуудлыг шийдэхгүй. Засгийн газрын зүгээс тодорхой гэмт хэргийг ялын бодлогоор зохицуулахаас гадна урьдчилан сэргийлэх ажлууд хийгдэж байна. Үүний үр дүнд өнгөрсөн онд гэмт хэргийн гаралт 13 хувиар буурсан. Гэвч энэ дунд тодорхой төрлийн гэмт хэргүүд өссөн байна. Жишээ нь малын хулгай, залилах зэрэг гэмт хэргүүд өсөлттэй байгаа. Бусад гэмт хэргийн хувьд буурсан үзүүлэлттэй байна. Иргэд олон нийтийн эрх зүйн боловсролыг дэмжих, иргэдийг гэмт хэргийн хохирогч болох, гэмт хэрэг үйлдэх энэ нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх нь чухал.

Тодорхой хэмжээний гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан.

Энэ нь иргэдийн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэх хандлага нэмэгдсэнтэй, мөн  иргэдийн мэдээллэх хүсэл зориг өндөр болж байгааг харуулсан үзүүлэлт юм. Үүний нэг жишээ нь гэр бүлийн хүчирхийлэл дээр харагддаг. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл хаалганы цаана үйлдэгдэж, үлддэг байсан бол одоо хөршүүд нь мэдээллэдэг болсон байна. Ингэснээр нийгэмд бугшсан үйлдлүүд ил гарах, хариуцлага тооцох, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжууд тодорхой хэмжээнд бүрдээд байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх