Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Цагаан-Овоо багийн “Буриадын гарам” гэдэг газар /Сайхан сумын төвөөс баруун урд зүгт 60 км/ “Ивэнтүрүү” ХХК-ийн харуулын байр 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 19:08 цагт шатсаны улмаас харуул Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Х /55 настай, эрэгтэй/ сураггүй алга болсон тул тухайн өдрөөс 2020 оны 01.13-ны өдөр хүртэл тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул 01.18-ны өдрийн 09:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлт гаргасан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн газрын 12 алба хаагч,1 автомашин, нийт 23 хүн, 2 автомашинтай “Буриадын гарам” гэдэг газраас баруун зүгт Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 10 км-т, мөн газраас зүүн зүгт Цагдаагийн байгууллагын алба хаагчид 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 18:00 цагт түр зогсоосон. 01.19-ний өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.