Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны нэгдүгээр сарын 13-наас нэгдүгээр сарын 17-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
Ирэх амралтын өдөр 60 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжийн 20 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд суурилуулах ажил үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийслэлийн 18186 өрхөд угаар мэдрэгчийг суурилуулж ажлын гүйцэтгэл 90.6 хувьтай явагдаж байна. Энэ ажилд төрийн албан хаагчид болон дүүрэг, хороодын ажилтнуудаас гадна сайн дурын ажилчид оролцож, өрх бүрт хүрч ажиллаж байна. Ирэх бямба гарагт 60 мянган угаар мэдрэгч дахин нийлүүлэгдэнэ. Ойрын өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 19 дуудлага ирснээс 35 том хүн, 19 хүүхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж мэдээлэл авсан” хэмээлээ. Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал “2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн агаарын чанарын мэдээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 57 хувиар бага, PM2.5 тоосонцор 59 хувиар бага байна. Агаарын дундаж температур өнгөрсөн оноос -0.2 градусаар дулаан байна” гэв.
Хүүхдийн автобусны “UB school bus” гар утасны аппликейш хэрэглэнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар сургуулийн хүүхдийн автобусны “UB school bus” гар утасны аппликейшны талаар танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир хийв. UB school bus” ухаалаг гар утасны аппликейшн нь эцэг, эхчүүдэд зориулсан сургуулийн автобусаар зорчиж буй хүүхдийнхээ байршлыг хянах, тогтоох зорилготой аппликейшн юм. Эцэг, эхчүүд тус аппликейшнийг ашиглан сургуулийн автобусаар зорчигч бага ангийн сурагчдад олгосон NFC чип бүхий бугуйвчны баар код болон хүүхдийн мэдээллийг бүртгэнэ. Ингэснээр сурагчид автобусанд суух болон буух үедээ автобусанд байрлуулсан бугуйвчийг уншигч төхөөрөмжид ойртуулан уншуулах бөгөөд эцэг, эхчүүд “UB school bus” аппликейшнээс хүүхдийн автобусны хөдөлгөөн байршлын мэдээлэл болон хүүхдийн автобуснаас бууж, суусан мэдээллийг хянах боломжтой болох аж. Хотын Захирагч С.Амарсайхан “Сургуулийн автобусны жолооч нарыг сургалтад хамруулах нь зүйтэй. Мөн сайн ажилласан жолооч нарт урамшуулал олгох асуудлыг холбогдох газрууд судал. Эцэг, эхчүүдэд аппликейшнтэй холбоотой мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн түгээж ажилла. Тухайн аппликейшнийг цаг үетэй нь нийцүүлэн шинэчилж хэрэгжүүл” гэсэн үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө.
Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө
Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ажилчдын байр орчимд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж 43 айлын газрыг чөлөөлж орон сууцны нэг блок барилгын ажлыг эхлүүлжээ. Харин газраа чөлөөлсөн 43 иргэнд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс тухайн үед сар бүр түрээсийн мөнгийг нь олгож байхаар тохиролцсон байна. “Назу проперти” компани нь газраа чөлөөлсөн айлуудаас эхний 14 айлыг түр суурьшуулах байранд оруулсан боловч 2016 оны хоёрдугаар сараас бусад иргэний түрээсийн төлбөрийг өгөх боломжгүй болсон гэнэ.
Ийнхүү газраа чөлөөлж түр суурьшуулах байранд ороогүй үлдсэн 29 өрхийн төлөөлөл хотын Захирагч С.Амарсайхантай уулзлаа. Иргэдийн зүгээс дахин төлөвлөлтийн төслийг яаралтай хэрэгжүүлэх, өнгөрсөн хугацааны түрээсийн байрны төлбөрийг гаргуулж хохиролгүй болгож өгөхийг хотын Захирагчаас хүссэн юм. Хотын Захирагч С.Амарсайхан “Назу проперти” компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг нь цуцалж, долоо хоногийн дотор 10 айлыг НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулах, үлдсэн 19 айлын түрээсийн зардлыг холбогдох хууль журмын хүрээнд яаралтай шийдвэрлэх үүргийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, НОСК болон Орон сууцны дэд бүтцийн газрын удирдлагуудад ѳглѳѳ.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, “Цахим хөгжил ирээдүй” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын захирал Ш.Төгсбаяр нар мэдээллийн технологи, программ хангамжийн салбар хөгжих таатай боломжийг бий болгох, харилцан мэдээлэл солилцох, салбар байгууллагуудыг дэмжих чиглэлээр харилцан ашигтай, бодит харилцааг хөгжүүлэх үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд залуус руу чиглэсэн олон ажлыг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, Нийслэлээс хэрэгжүүлж буй “10000 программист” төслөөр дамжуулан Мэдээлэл технологи, программ хангамжийн чадварлаг боловсон хүчин бэлтгэх зорилготой программ хангамжийн сургалтыг энэ оны хоёрдугаар сараас эхлүүлэх бөгөөд Програмчлалын хэлийг анхан шатнаас эхлэн гүнзгийрүүлэн, үнэ төлбөргүй явуулахаар төлөвлөжээ.
Боловсролын салбарын мэдээллийн нээлттэй өдөрлөг боллоо
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг БСШУСЯ, НЗДТГ хамтран Төрийн ордонд зохион байгууллаа. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг үр дүнтэй, хурдан шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэхүү мэдээллийн нээлттэй өдөрлөгийг зохион байгуулсан байна. Тодруулбал, Ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгийн болон салбарын бусад барилга байгууламжид тавигдах норм, стандартыг хангасан нэг маягийн зураг, макет, холбогдох судалгаа, танилцуулгыг ашигласнаар орон нутагт хэрэгжүүлэх барилгын зураг төсөв хийлгэх цаг хугацаа, хөрөнгө зардлыг хэмнэх боломж бүрдэх юм. Мөн Сангийн яам, Барилга хот байгуулалтын яам, нийслэлийн болон аймаг орон нутгийн удирдлагууд хамтран үр дүнтэй ажиллах боломжтой байгаа аж.
Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалт боллоо
Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/382 дугаар тушаал, Батлан хамгаалах яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалтыг нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам, Баянгол дүүрэг, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабыг түшиглэн зохион байгуулж байна. Баянгол дүүргийн Цэргийн штаб 2019 оны Нийслэлийн тэргүүний штабаар шалгарсан тул туршлага судлах, танилцах үйл ажиллагааг өнөөдөр тус дүүрэгт зохион байгууллаа. Аймаг, нийслэлийн Цэргийн штабын удирдлагууд Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, Цэргийн штабын офицеруудын мэдлэг, дадлага, чадварыг дээшлүүлэх, дайчилгааны сургалтыг төлөвлөлтийн дагуу үр дүнтэй хэрэгжүүлж, орон нутгийн хамгаалалтын сургалтын тогтолцоог бүрдүүлэх асуудлуудыг хэлэлцэж, харилцан туршлага солилцож байна.
Агаарын дүүжин тээврийг хэрэгжүүлэх асуудлаар санал солилцлоо
Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Нийслэлийн Засаг дарга А/198 дугаартай захирамж гаргаж ажлын хэсэг томилон гаргаснаар төслийн бэлтгэл ажил хийгдэж байгаа юм. Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөжээ. Тус ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд найрамдах Франц улсрын Пома группын төлөөлөгчидтэй уулзаж, агаарын дүүжин тээврийн төслийн талаар санал солилцлоо. Талууд дараагийн шугамууд дээр санал солилцож санхүүжилт батлагдсан тохиолдолд хэдий хугацаанд төслийг хэрэгжүүлэх талаар нэлээн дэлгэрэнгүй ярилцав. Төслөөр зөвхөн ганц шугам биш, цаашлаад хэрэгцээ шаардлагатай байгаа олон газруудад дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзэж байгаагаа хотын Захирагч С.Амарсайхан илэрхийлэв.
“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийх зарим ажлаа танилцууллаа
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим ажлын танилцуулгыг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хүргэлээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хотын стандарт, норм, дүрэм, журам, хэм хэмжээг мөрдүүлж, иргэдийн ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/01 дугаар захирамжаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл боловсруулж ирүүлэх талаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03/72 дугаар албан бичгээр Нийслэлийн нутгийн захиргааны 36 байгууллагад хүргүүлжээ. Нэгдүгээр сарын 16-ны өдрийн байдлаар бүх байгууллагаас саналаа ирүүлсэн бөгөөд төлөвлөгөөний төслийг нэгтгэн ажиллаж байна. “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааныг зохион байгуулахтай холбоотойгоор manaikhoroo.mn цахим системийн ашиглалт, үйл ажиллагааг нэвтрүүлэх, мэдээллийн санг нэмэгдүүлэхээр нэгдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд дүүргүүдийн 173 хорооны зохион байгуулагчдад “Хорооны газар зүйн суурь мэдээллийн сан үүсгэх” сургалтыг зохион байгуулж байгаа аж.