Нэг жилийн хугацаанд Монголын 20 гаруй иргэн Вьетнамд хулгайн хэргээр саатуулагдаад байна. Хулгайч нар хамтдаа байр түрээслэн жуулчид их зорчдог газруудаар явж хулгай хийдэг гэдгийг тус улсын цагдаагийн газрынхан мөрдөн байцааж тогтоожээ. Хэдхэн хоногийн өмнө дахин нэг монгол залуу Вьетнамд халаасны хулгай хийж байгаад баригдсан байна. Монгол Улсын иргэн 24 настай И.Мөнхзориг Вьетнамын Хо Ши Мин хотын Тан Сон Нат олон улсын нисэх буудал дээр 79 настай Японы жуулчны хэтэвчийг хулгайлж байгаад баригдсан нь тэр.
Японы жуулчны хэтэвчинд банкны карт, их хэмжээний бэлэн мөнгө байсныг хотын цагдаагийн байгууллага буцаан өгсөн байна. Сэжигтэн И.Мөнхзориг нь өнгөрсөн оны 11-р сарын 13-нд тус улсад очсон бөгөөд визний хугацаа нь нэг сарын дараа дуусах байжээ. Хо Ши Мин хотын цагдаагийн байгууллага сэжигтнийг саатуулан хэргийг шалгаж буй гэнэ.
Тэд ихэвчлэн гадаадын жуулчдын хэтэвчийг хулгайлдаг бөгөөд банкны картыг хувилан дэлгүүрүүдэд уншуулж, үнэт эдлэл, гар утас гэх мэт зүйлсийг худалдан аваад монгол руу авчирч зардаг гэнэ. Түүнчлэн Вьетнамд баривчлагдсан зарим монгол иргэдээс карт хувилагч машин, их хэмжээний үнэт эдлэл, гар утас зэргийг хураасан тохиолдол ч бий аж.