Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс сэтгүүлчдийг тагнаж чагнасан, тэднийг Эрүүгийн хуулиар яллахыг эвлэл зөвшөөрсөн гэх мэдээлэлд албан ёсны тайлбар өгч, хэвлэлийн бага хурал хийлээ.
2020.01.14
Хэвлэлийн бага хуралд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр болон МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа нар оролцов.
Мэдээллийн эхэнд МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл түгээх” гэсэн шинэ заалт орсонтой холбоотойгоор нийгэмд ойлголтын зөрүүтэй асуудлууд гарч ирж байна. Энэ бол зөвхөн хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчидтэй холбоотой асуудал биш. Ерөөсөө нийгэмд худал мэдээлэл түгээж болох эсэх, худал мэдээлэл түгээсэн бол үүнийг хэрхэн зохицуулах тухай юм. Энэ талаар ялангуяа хэвлэл мэдээллийнхэн маань нэгдсэн ойлголттой байх нь чухал. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн Гүтгэх заалт, Эрүүгийн хуульд шинээр орж буй заалтууд болон МСНЭ-ээс хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчдийн ажиллах эрхзүйн орчныг сайжруулах талаар хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгье” гэлээ.
“Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу Гүтгэх заалтыг хасуулав”
2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарынхан олноороо шийтгүүлж ирсэн. Хэдийгээр гүтгэх гэсэн заалтыг Эрүүгийн хуулиас хасаж Зөрчлийн тухай хуульд оруулснаар сэтгүүлчийг эрүүгийн хэрэгт татахаа больсон ч хэргийг шийдвэрлэх хугацаа богино, сэтгүүлч баримтаа нотлох боломжгүйгээр тухайн цагдаагийн үзэмжээр шийтгэгдэж, 2-20 сая төгрөгөөр торгуулсаар ирсэн юм.
Энэ асуудал нь зөвхөн хувь хүн, сэтгүүлч хэвлэл мэдээллийнхний асуудал биш нийгэм даяар анхаарал татсан сэдэв учир МСНЭ-ээс хэвлэл мэдээллийн салбарынхан, мэргэжлийн холбоод, хуулийн байгууллагуудын төлөөллүүдтэй хамтран олон удаагийн хэлэлцүүлэг, ярилцлага зохион байгуулжээ. Улмаар 2019 оны аравдугаар сарын 22-нд Зөрчлийн тухай хуулийн 6.21 буюу Гүтгэх заалтыг хасах тухай саналд нэгдэж, хэлэлцүүлгээс гаргасан санал зөвлөмжүүдийг нэгтгэн, ХЗДХЯ-д шаардлага хүргүүлсэн. Улмаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг уг саналыг хүлээн авч Гүтгэх заалтыг тус хуулиас хассан юм. Ийнхүү гүтгэх заалтыг Зөрчлийн хуулиас хассан нь хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлчдийн хувьд маш чухал асуудал байсан бөгөөд цаашлаад иргэдийн мэдэх эрх хангагдах боломж бүрдсэн юм.
“Гүтгэх заалтыг Зөрчлийн хуулиас хассан ч Эрүүгийн хуульд оруулаагүй”
Тэгвэл Зөрчлийн хуулиас хасагдсан дээрх заалтыг Эрүүгийн хуульд оруулж, сэтгүүлчдийг эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж байна гэх ойлголт, мэдээлэл гарсныг МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр үгүйсгэлээ.
Тэрбээр “Гүтгэх заалтыг эрүүгийн хуульд оруулаагүй гэдгийг би хариуцлагатайгаар хэлье. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа Зөрчлийн хуульд байсан “Гүтгэх” заалтын үзэл санаа яг хэвээрээ, гүтгэх, доромжлох гэсэн заалтаараа ХЗДХЯ-ны ажлын хэсгээс орж ирсэн нь үнэн. Анхны төсөлд хэвээр нь тусгасан байсан. Зөрчлийн хуулиас хасагдсан боловч энэ хэвээр нь Эрүүгийн хуульд оруулна гэсэн санаа. Энэ асуудалд ганцхан МСНЭ биш, “Глоб интернэйшнл” болон бусад мэргэжлийн холбоод, ТББ-ууд анхаарал хандуулж, эсэргүүцсэн нэгдсэн байр суурьтай байсан. Бид гурван томоохон үндэслэл тавьсан. Нэгдүгээрт, Монгол Улс НҮБ-ын болон бусад нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг зөрчиж байна. Хоёрдугаарт, Гүтгэх заалт нь Зөрчил болон Эрүүгийн хуульд орсноор эрхзүйн давхардал үүсгэж байна. Учир нь гүтгэх гэсэн заалт нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлээр зохицуулагдаад явж байна. Гуравдугаарт, Сэтгүүлчид рүү чиглэсэн, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилсон, мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны төлөө эрүүгийн ял шийтгэл хүлээлгэдэг практик руу эргэж орж болохгүй гэдгийг хэлж ярьсан, ойлгуулсан, санал хүргүүлсэн. Бид ийм л байр суурьтай ажилласан. Ингээд дахин хэлэлцүүлэг зохион байгуулж, бид саналаа нэгдсэн байдлаар ажлын хэсэгт хүргүүлсэн. Ингээд ХЗДХЯ-аас төслөөс оруулж ирсэн “Гүтгэх” гэсэн заалт бүхэлдээ унаж, Эрүүгийн хуулийн 13.14 буюу “Худал мэдээлэл түгээх” гэсэн заалт орж ирсэн” гэлээ.
Түүнийг ярьсныг тодруулбал, МСНЭ болон мэргэжлийн холбоодын гаргасан саналын дагуу, хэвлэл мэдээллийн хэрэгсэл рүү чиглэсэн томьёоллыг хасаж “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол 450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээх заалттайгаар анхны хэлэлцүүлгээр батлагдаад байгаа билээ.
“Сэтгүүлчдийг тагнасан гэдэг асуудлыг нээлттэй ярилцаж, цэг тавья”
Нийслэлийн прокурорын газар болон Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар нэр бүхий сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх мэдээллийг олон нийтэд өгсөн. Энэ асуудлаар МСНЭ ямар ажил хийж хэрэгжүүлсэн бэ гэх асуултад МСНЭ дараах хариулт өглөө.
МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Намайг ажил авах үед дээрх асуудал яригдаж эхэлсэн. Энгийн нэг сэтгүүлч юм уу, нэг иргэн энэ талаар яриагүй. Монгол Улсын хуулийн байгууллага, хуулийн байгууллагын нөлөө бүхий албан тушаалтан мэдээлэл өгсөн учраас МСНЭ шаардлага хүргүүлсэн. Миний бие ХЗДХ-ийн сайд, Тагнуулын ерөнхий газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга нартай биечлэн уулзаад албан хүсэлтээ өгсөн. Гэтэл сэтгүүлчийг тагнаж чагнасан гэх асуудал байхгүй гэдэг албан бичиг эвлэлд ирсэн. Ямар нэгэн байдлаар сэтгүүлчийг тагнаж, чагнадаг юм бол миний төдийгүй та бидний хувьд хамгийн аюултай асуудал биз дээ. Үүнийг зүгээр хараад суудаг Эвлэлийн дарга битгий хэл энгийн сэтгүүлч ч байхгүй. Хамгийн гол нь бидэнд баримт хэрэгтэй. Нийгэмд алдаатай мэдээлэл түгээж байгаа нь бид нарын хариуцлагын асуудал шүү дээ. Аль нь үнэн, аль нь худал гэдэг нь мэдэгдэхгүй ийм олон талтай асуудлыг хэлэлцүүлэг зохион байгуулаад таслах нь зүйтэй юм байна гэсэн саналыг МСНЭ-ээс гаргаж байна. Нэр холбогдоод байгаа ТЕГ, ЦЕГ, Нийслэлийн прокурор, ХЗДХ-ийн сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга нь оролцож байгаад хариулт өг. Үнэн юм уу худал юм уу гэдэгт. Сэтгүүлчийг тагнасан нь үнэн, надад баримт байна гэж байгаа сэтгүүлч ч мөн адил баримтаа гаргаж тавь. Хэрвээ сэтгүүлчид баримт байгаад үүнийг дэлгэхгүй байгаа бол мэргэжил нэгтнүүдийнхээ эрх ашгийн эсрэг ажиллаад, баримтыг нуун дарагдуулж байгаа бол хариуцлагагүй үйлдэл. Тийм учраас энэ асуудалд маш хариуцлагатай хандаач ээ гэж уриалж байна. Одоо тэгэхээр сэтгүүлчийг тагнасан гэдэг асуудалд цэг тавья. Нээлттэй ярилцаж нэгдсэн ойлголтод хүрье гэж бодож байна” гэсэн юм.
Мэдээллийн төгсгөлд МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаа “Бид нарын үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь Үндсэн хуулиар олгогдсон эрх боловч хүний нэр төр, алдар хүнд нь мөн адил хуулиар хамгаалагдсан үнэт зүйл байдаг. Тэгэхээр бидний эрх давуу гэж муйхарлах нь зөв биш гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Эрүүгийн хуульд орсон “Худал мэдээлэл тараасан бол хариуцлага хүлээнэ” гэсэн заалтад ажлын хэсэгт орсон гишүүд санал өгдөггүй. Хуулийн заалтыг УИХ-ын гишүүд санал өгч баталдаг. Тиймээс ажлын хэсэгт орсон сэтгүүлчид дэмжсэн, зөвшөөрсөн гэдэг зүйл байхгүй шүү дээ. Хууль санаачлах эрх нь Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчид байдаг. Батлах эрх нь УИХ-д байдаг. Тиймээс дээрх хуулийг эдгээр хүмүүс бүрэн эрхийнхээ хүрээнд шийдсэн юм. Харин бидний зүгээс зөвхөн хэвлэл мэдээлэлд зориулсан утгыг хоёр талаас ярилцаж, санал хүргүүлсний дүнд “Хэн ч байсан худал мэдээлэл түгээсэн” бол хариуцлага хүлээлгэхээр болсон юм” гэлээ.