Дотоодын цэргийн 05 дугаар ангийн Захирагчийн хүний нөөц, соёл хүмүүжил хариуцсан орлогч Д.Энхбадрахтай ярилцлаа. Дотоодын цэргийн 05 дугаар анги нь өнгөрсөн долоо хоногт хугацаат цэрэг хүлээн авах “Цэргийн байр”-аа ашиглалтад оруулсан бөгөөд энэ үеэр түүнтэй хэдхэн хором ярилцсанаа хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дотоодын цэргийн 05 дугаар анги ирэх оноос Хугацаат цэргийн албатай болж байгаа гэсэн. Энэ талаар яриагаа эхлүүлье.
-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны мн/250 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Дотоодын цэргийн тухай хуулийг мөрдөж хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагчийн байрыг улсын хөрөнгө оруулалтаар өнгөрсөн зургаан сард эхлүүлж сая ашиглалтад орлоо. Уг барилга цэргийн дотоод албаны дүрэм, зохион байгуулах зааварт нийцүүлэн баригдсанаараа онцлог. 200-300 алба хаагчийг хүлээн авах боломжтой. 2020 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэхээр хяналтын тоогоо салбар газарт хүргүүлээд, цэргүүдээ нэгдүгээр ээлжээр татан авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Дотоодын цэрэг нь улсын онц чухал обьектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсооход дэмжлэг үзүүлэх, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул тохиолдсон үед болон эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай үед зарим обьектыг түр хугацаагаар хамгаалах, зорчигч, ачаа тээшийг харгалзан хүргэх, террорист үйлдлийг таслан зогсоох тусгай ажиллагаанд оролцох гэх мэт үүргийг гүйцэтгэдэг.
Хугацаат цэргийн алба хаагчдыг татсанаар энэ үүргээ илүү өргөн цар хүрээнд гүйцэтгэх, төр засгийн өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэх үүрэг нь нэмэгдэнэ гэсэн үг юм.
Энэ дашрамд Монгол улсын Засгийн газар, Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулахад онцгой анхаарч, холбогдох арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаад хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье.
-Таны хувьд 05 дугаар ангитай хэзээнээс ажил амьдралаа холбосон бэ?
-Манай удамд цэрэг цагдаагийн хүн байхгүй. Би бараг анхных нь байх. Миний хувьд багаасаа л цэрэг болно гэж боддог байсан. 1999 онд анх Цагдаагийн сургуульд Дотоодын цэргийн байгууллага анхны боловсон хүчнээ бэлтгэх нэг анги авсан. Энэ ангид тэнцэж, өнөөдрийг хүртэл энэ мэргэжлээрээ ажиллаж байна даа. Анх 2003 оны 06 дугаар сард Дотоодын цэргийн 05 дугаар ангид томилогдож ирж салааны захирагчийн албыг хашиж байлаа. 2003-2005 онд мөн ангидаа салааны захирагч ,2005-2008 он хүртэл тусгай салбарын захирагчийн орлогч албыг хашиж байсан. 2008-2009 хүртэл Дотоодын цэргийн 805 дугаар ангид Сургалт цэргийн албаны зохион байгуулалтын ахлах офицер гүйцэтгэсэн. 2009-2010 онд Дотоодын цэргийн штабт Хамгаалалт төлөвлөлтийн офицер, 2010-2012 онд 05 дугаар ангидаа Ротын захирагч, Сургалтын албаны даргаар ажилласан. 2012-2014 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл мөн ангидаа Хүний нөөц, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч, 2014-2017 онд ЦЕГ-ийн Хамгаалалтын 2 дугаар газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, ингээд 2017 оны 10 дугаар сарын 26-нд Дотоодын цэрэг дахин байгуулагдахад Дотоодын цэргийн 05 дугаар ангидаа Захирагчийн Хүний нөөц, соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогчоор өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
Анх төгссөн оюутан шууд 05 дугаар ангид хуваарилагдан ирэхдээ дотоодын цэргийн байгууллагыг сайн мэддэггүй байлаа. Тэгээд ажил дээр гараад харахад асар их үүрэг, хариуцлагатай байгууллага гэдгийг мэдэрсэн.
Хүн амынхаа амар тайван байдал, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө хамгийн сайн ажиллах ёстой гэсэн мэдрэмж байнга төрдөг. Энэ мэдрэмж одоо болтол арилаагүй шүү.
-Дотоодын цэргийн 05 дугаар анги цэргийн байгууллагууд дундаа өөрийн гэсэн гавьяа, түүхээрээ ялгардаг гэж байсан. Тодорхой ойлголт өгөхгүй юу?
-Манай анги бол их түүхийн гэрч гэж боддог. Өдгөөгөөс 97 жилийн өмнө Монгол оронд Ардын хувьсгал ялсны дараахан Их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар дотоодын хамгаалах газрын албан байр, гянданг хамгаалах хувьсгалын эсэргүү бослого, үймээн самууныг дарах, орон нутгийн засаг захиргааны өмч хөрөнгөд халдах дээрэм тонуултай тэмцэх зорилгоор 1922 оны 07 дугаар сарын 16 ны өдөр Ардын журамт цэргийн нэгдүгээр морин хорооноос 13 цэрэг, дайчдыг сонгон авч, тусгай тасгийн анх байгуулснаар ард түмнийхээ дунд “Одонт хороо” хэмээн алдаршсан Дотоодын цэргийн 05 дугаар ангийн түүхэн замнал эхэлсэн байдаг. Одоо ч энэ замнал тасраагүй. Ангийн хамт олон маань бие биендээ хүндэтгэлтэй ханддаг. Тусархуу, ажил хэрэгч, бүтээлч хамт олон. Аливаа ажлыг нэг сэтгэлээр нэг зүтгэлээр хийж бүтээдэг хамт олон байдаг. Энэ дашрамд Одонт хороонд мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчид, удирдлагууд, дайчин баатарлаг түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууддаа шинэ оны мэндийг хүргэе.
-Энэ мэргэжлийн хамгийн сайхан нь юу вэ?
-Өдөр бүр л энэ мэргэжлийн эзэн нь болж ажиллаж байгаадаа баяртай, бахархалтай байдаг. Хүн хамгийн сайн сайхан байгаа газраа л удаан байдаг гэж би боддог. Тиймээс ч өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Өнөөдөр миний хувьд сургалт соён гэгээрүүлэх ажлыг хариуцан хийдэг. Алба хаагчдаа сургах, хугацаат цэргийн алба хаагчидыг эх оронч, зөв хүн болгох, айл гэрийн эзэн, зөв гэр бүл үүсгэх, улс орны сайн сайхан ирээдүй болгохын төлөө л ажиллаж байгаа. Тиймээс ч би энэ мэргэжилдээ хайртай. Миний хэлсэн нэг ч болтугай үг тухайн хүнд хүрсэн байгаасай, нэг үйлдэл маань тухайн хүний амьдралд дэм болоосой гэж хүсдэг.
Өнгөрсөн хугацаанд салааны захирагч, ротын захирагчаар ажиллаж байхдаа 300 гаруй цэргийг хүмүүжүүлсэн байдаг юм. Тэдгээр цэргүүд маань өнөөдөр хүртэл “Сайн байна уу дэслэгчээ, ахлах дэслэгчээ. Би таны цэрэг байна” гээд ёсолдог юм. Энэ бас л сайхан мэдрэмж шүү. Сайхан залуусын нүднээс гал бадарч байхыг харах сайхан байдаг. Гурван ч цэрэг маань бизнес эрхэлж байна. Тэднийг харахаар өөрийн эрхгүй л цэргийн мэргэжлийг биширдэг.
-Албаа хааж байхад танд шантрах үе гарч байсан уу?
-Тийм үе ер нь байхгүй гэж хэлэхэд болно доо. Дөнгөж төгссөн хүнд бол их хэцүү л дээ. Тэр үедээ өөрийн дуртай сонгож хийж байгаа ажил учраас хэцүү үе эхэндээ байсан. Тэгэхдээ миний хувьд мэдэхгүй чадахгүй зүйлээ мэдэхийн төлөө, үүнийгээ сурахын төлөө ахмад үеэсээ асууж, зөвлөмж зөвлөгөө авч үүнийгээ тодорхой хэмжээнд нь боловсруулж, албыг орчин үетэй эвцэлдүүлэн шинэлэг болгохын төлөө л ажилладаг. Ахмад үеэсээ суралцах гэдэг бол хамгийн чухал. Тэдний мэдлэг, чадварт итгэж болно. Одоо ч гэсэн ахмадуудаасаа суралцсаар л явна даа.
-Амжилттай яваа хүний ард сайн хань байдаг. Цэргийн ажлыг нь ойлгож тусалж дэмждэг ханийнхаа талаар товч танилцуулахгүй юу?
-Миний хувьд эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний хань Төрийн тусгай албан хаагчдийн нэгдсэн эмнэлэгт эмч мэргэжлээр ажилладаг. Цэрэг, цагдаагийн байгууллагын ажил цаг наргүй, хүнд хэцүү шүү дээ. Энэ хугацаанд миний хань л намайг дэмжиж өдий зэрэгтэй явахад тусалж дэмжсэн. Гурван хүүхдээ өсгөх ажлыг би хийгээгүй энэ хүн л хийсэн гэж хэлж болно доо. Энэ дашрамд ханьдаа хайртай шүү, үргэлж намайг ойлгож, миний түшиг тулгуур болж, урагшлах эрч хүчийг өгч байдаг чамдаа баярлалаа гэж хэлмээр байна. Мөн хүүхдүүддээ хайртай шүү. Ийм сайхан эрүүл саруул өсч торниж байгаад баярлалаа гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.