Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн бөгөөд уг түдгэлзүүлсэн хугацаа дууссан, энэ хуулийн 17.1-д заасан үндэслэл арилсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхийлөгч шүүгчийн бүрэн эрхийг сэргээнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарим Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрхийг сэргээх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүллээ.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шүүгч нарт холбогдох мөрдөн шалгах тодорхой ажиллагааг явуулсан боловч шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Ж.Оюунтунгалаг, Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа, Т.Энхжаргал, Б.Нармандах нар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал болон дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосноор цаашид явуулах мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар Авлигатай тэмцэх газрын даргаас албан бичиг ирүүлсний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл тогтоол гаргасан юм гэж Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс-ээс мэдээллээ.