Монголын улаан загалмай нийгэмлэг – Энержи Ресурсын хамтарсан төсөлд хот, хөдөөгийн 40 гаруй хүүхэд хамрагдаад байна
Монголын улаан загалмай нийгэмлэг, “Энержи Ресурс” компани хамтран зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд амьдрал бэлэглэх “Бяцхан зүрх” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.
Нэг тэрбум шахам төгрөгийн санхүүжилттэй уг төслийн хүрээнд зүрхний төрөлхийн гажигтай, эмчилгээний боломж тааруу нийт 40 орчим хүүхдийг хилийн чанадад хагалгаанд оруулж, бүрэн эмчилгээнд хамруулж байгаа юм. Монголд хийгдэх боломжгүй, эсвэл зардал, чирэгдэл өндөр зэрэг шалтгаанаас хүүхдүүд зүрхний гажгаа эмчлүүлж чадахгүй, цаашлаад амь насаа алдах тохиолдлууд манай улсад олонтаа байдаг.
2019 оны 6 болон 12-р саруудад П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэгт БНХАУ-ын зүрхний нарийн мэргэжлийн эмч нар нийт 63 хүүхдэд анхан шатны болон давтан үзлэг явуулснаас эхний ээлжийн 25 хүүхэд урд хөрш рүү эмчилгээнд явсан. Хагалгааг П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэгийн болон БНХАУ-ын зүрхний мэс заслын мэргэшсэн эмч нар БНХАУ-д хийсэн бөгөөд өнөөдөр эхний ээлжийн хүүхдүүд хагалгаандаа амжилттай орж, 2020 оны 1 сарын 7-ны өдөр эх орондоо ирлээ. Хүүхдүүдийн биеийн байдлыг хянаж, хятад эмч нартай хамт хагалгаанд орсон П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэгийн эмч нартаа баярлалаа.
Үлдсэн хүүхдүүд маань эмчилгээгээ дуусгаж, эрүүл саруул болоод удахгүй эх орондоо ирнэ. Олон айлд аз жаргал бэлэглэж, олон хүүхдэд ирээдүй авчирч буй энэхүү төслийг санхүүжүүлсэн “Энержи Ресурс” компанид талархал илэрхийлье.
Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг