Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК “Боинг 767”, “Боинг 737” маягийн агаарын хөлгөөр олон улсын 12, орон нутгийн нэг чиглэлд нислэг үйлдэж байна. Өнгөрсөн онд манай улсын агаарын тээврийн зах зээлд олон улсын чиглэлд нэг сая орчим зорчигч дотоодын чиглэлд 400 мянга орчим зорчигч зорчиж, үүнээс МИАТ ТӨХК 700 гаруй мянган зорчигч тээвэрлэжээ.
Монголын агаарын тээврийн зах зээлийн эрэлт хэт улирлын шинж чанартай байдаг ба зуны улиралд эрэлт ихтэй байдаг бол өвлийн саруудад эрэлт 2-3 дахин буурдаг. Тиймээс энэхүү эрэлтэд нийцүүлэн МИАТ ТӨХК үндсэн тарифыг 7 хувиар, улирлын чанартай нислэгийн тарифыг 37 хувиар бууруулсан бөгөөд нислэгийн тийзийн үнэ тарифыг цаашид ч бууруулахаар шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Одоогоор Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Пусан- Улаанбаатарын чиглэлд МИАТ ТӨХК, Сөүл-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд БНСУ-ын Корэйн Эйр, Ашиана Эйрлайнс зэрэг компаниуд мөн Пусан-Улаанбаатар-Пусаны чиглэлд Эйр Пусан компани шууд нислэг үйлдэж байна. Түүнчлэн дотоодын агаарын тээвэрлэгч Изинис Эйрвэйс компани ирэх гуравдугаар сараас Улаанбаатар-Пусан – Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа аж.