Улаанбаатар хотод төдийгүй зарим аймгийн төвүүдэд томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаатай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Тодруулбал, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймгуудад сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ.
Өмнөговь аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгт томуу өвчний эзлэх хувь 18 хүрсэн байна. Тиймээс аймгийн Онцгой комисс ээлжит хурлаа хийж олон нийтийг хамарсан үйл ажиллагаа болон сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан байна. Түүнчлэн Өмнөговь аймгийн Онцгой комиссоос томуу, томуу төст өвчтэй, тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр эмчлүүлж буй эцэг эхэд таван өдрийн цалинтай чөлөө олгохыг ажил олгогч нарт даалгасан байна.
Харин Өвөрхангай аймгийн Засаг даргын 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн А/02 дугаар захирамжаар энэ сарын 3-наас эхлүүлэн 12-ны өдрийг дуустал сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргажээ. Учир нь аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгээс томуу, томуу төст өвчний эзлэх хувь 18.6 хувьд хүрч, 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл, хүндрэл ихтэй байгаа ажээ.