Гэр хорооллоор аялсан аялал

2020 оны 01-р сарын 03 өдөр, 11 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ger horoolol

\Монголын тэмдэглэлүүд-2\

Миний зээ дүү Ч.Ганжавхлан анх надтай уулзахдаа “Галаа ах аа, Та эхлээд Монголын амьдралын бодит байдлыг ѳѳрѳѳ явж үз. Дүү нь танд хѳтѳч хийе. Тэгэхгүй бол та хэтэрхий хийсвэр ойлголтоор тэнгэрийн юм бодож яриад байж магадгүй” гэж санал болгосноор энэ аялалууд эхэлж байгаа юм. Ѳнѳѳ ѳглѳѳ Ч.Ганжавхлан, Б.Одбаяр 2 дүү минь жееп машинтай ирснээр “Ид шидийн орон -1” ээс “Ид шидийн орон- 2” хүртэлх аялал эхэлсэн юм. Бид 1 р хорооллоос Таван шар, Толгойт, Баянхошуу, Далан давхар, Чингэлтэй, Долоон буудал, Дарь Эх, Шар хад, Улиастай гэсэн маршрутаар хамгийн бартаат замаар хамгийн эмзэг амьдрал дундуур аялж гэр хорооллынхны амьдралын бодит байдлыг үзэв. “8 км 400 метр” номыг бүтээсэн Ч.Ганжавхлан минь ѳѳрийн “оффшор” газруудаа бидэнд үзүүлж, санал мэдээллээ хуваалцав.

1. УЛААНБААТАРЫН УТАА

Ѳнѳѳдѳр дулаахан ѳдѳр байсан ч Баянхошуу руу ороход утаа ихэсч байв. Хэд хэдэн ѳндѳрлѳг газраас харахад Улаанбаатар хот бүхэлдээ утаан бүрхүүлтэй байлаа. Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг хориглож шахмал түлш хэрэглэж байгаа нь утааг багасгаж байгаа хэдий ч энэ нь тѳгс шийдэл биш юм байна. Агаарт байгаа утаа нь бараан ѳнгѳтэй бол түүхий нүүрснийх, цагаан ѳнгѳтэй байгаа бол сайжруулсан шахмал түлшнийх гэдэг нь ялгарч байв. Гэр хорооллын дунд шахмал түлшийг савлаж түгээдэг олон газрууд ажиллаж, хүмүүс хэрэглэсэн шахмал түлшний уутандаа хогоо хийн гаргаж тавьдаг, түүнийг нь хогний машин ирж ачдаг болжээ. Хашаануудын хананд сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хэрэглэх зааврыг бичиж хаджээ. Гэхдээ хүмүүс ѳдѳр бүр шахуу шахмал түлшийг савлаж зѳѳж байгаа нь уулын энгэр, ѳндѳрлѳг газарт байгаа айл ѳрхѳд амаргүй байдаг бололтой.

Ѳмнѳх жилүүдтэй харьцуулахад утаа багассан хэдий ч сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн бүтцээс шалтгаалан агаарт анзаарагдамгүй байдлаар угаар үүсч байж магадгүй санагдав. “Азийн Хѳгжлийн Банк”-ны санхүүжилтээр Баянхошууны хэсэг газарт гэр хорооллын дэд бүтцийг холбох тѳсѳл хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Гэхдээ энэ нь хэсэгхэн газарт загвар маягаар шийдэл үзүүлж чадах байх. Харин бүхэлдээ асуудлыг шийдэхэд нилээд хэцүү мэт санагдав. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглан шийдэл олох нь ѳнѳѳдѳр ѳндѳр ѳртѳгтэй мэт санагдах авч алсдаа үр дүнгээ ѳгч магадгүй байх. Эрдэмтэд судлаачидтай хамтраад зѳв шийдэл олж зоригтой алхам хийхгүй бол гэр хорооллын агаарын болон хѳрсний, усны бохирдол улам ихэссээр байх бололтой.

2. ГЭР ХОРООЛЛЫН АМЬДРАЛ
Улаанбаатарын иргэдийн 70 орчим хувь нь амьдран суудаг гэр хорооллын амьдралын бодит байдал амаргүй хэрнээ эрс тэрс байна. Ѳѳртѳѳ арчаатай ажилсаг нэгнээс ѳѳртѳѳ арчаагүй залхуу хүмүүс, амьдралаа зогоогчид, архичид гээд амьдралын олон ѳнгѳ энд сүлэлдэн буй. Гэр хорооллын олон худгууд түгээгчгүйгээр цахим маягийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь надад хамгийн сайхан санагдсан. Нилээд газруудад дэд бүтэц болох автозамыг байгуулж, тэмдэг тэмдэглэгээг нилээд сайн хийжээ. Нилээд газрууд давгүй сайн гэрэлтүүлэгтэй болсон байна. 14 жилийн ѳмнѳх миний мэдэхээс гэр хорооллын айлууд маш их нэмэгджээ. Тѳлѳвлѳлт, хяналт үгүй болохоор дур дураараа газар сонгон буусан нь маш замбараагүй харагдаж байлаа. Тэр тусмаа ѳндѳрлѳг газарт буусан айлын хүүхдүүд бартаат эхнэл донхол замаар харанхуйд сургууль руугаа явж ирэх, худгаас ус хол газраас түлшээ зѳѳнѳ гэдэг тѳсѳѳлѳл амаргүй хэрнээ эрсдэлтэй санагдаж байв.

Яаж ийгээд олж авсан газраа хашаа хатгаж, гэр байшин барьж амьдран суугаа хүмүүст зориулан “Гэр хорооллын дахин тѳлѳвлѳлт” хийж эмхэлж цэгцэлнэ гэдэг миний хувьд бүтэшгүй мэт халгам санагдаж байв. Мэдээж тэр хүмүүс газраа нилээд ѳндрѳѳр үнэлнэ. Зарим газарт хүмүүс гэрийн буйраа сарын 10 000 тѳгрѳгѳѳр түрээсэлдэг гэнэ. Ямар ч бүртгэлгүйгээр хѳдѳѳнѳѳс сайн дураар нүүж ирсэн айлууд нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй болохоор зүгээр л ѳдѳр хоногийг ѳнгѳрѳѳнѳ. Архидалт их хэвээрээ боловч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд архинд их донтох болсон гэнэ. Гэр хорооллын гудамжаар ээж нь хүүхдүүтэйгээ хамтад согтуу явж орилж хашгиралдах аж. Гудамж хоорондын энхэл донхол бартаат зам, ѳгсүүр газрын халтиргаа гулгаан дунд муухан машин явахад бэрх. “Дарь Эхийн цогцолбор” нэртэй нилээд бүтээн байгуулалт хийсэн ѳндѳрлѳг дээр гарч үзэхэд Улаанбаатар хот бүхэлдээ тод харагдана. Аятайхан бүтээн байгуулалтууд эхэлсэн хэрнээ хѳрѳнгѳ оруулалтаас шалтгаалан зогссон нь сэглэгдсэн балгас мэт таагүй мэдрэмж тѳрүүлнэ.

НАДАД ЮУ БОДОГДСОН ГЭЭЧ!

1.Улаанбаатарын ѳндѳр тансаг барилгууд, үйлчилгээний газруудаар хѳгжлийг тодорхойлох нь ѳнгѳц байлаа. Хүн амын 70 хувь нь аж тѳрдѳг гэр хороолол 21 р зуунд модон жорлонтойгоо, хог хаягдал дундаа, ядуу зүдүү амьдрах нь дэндүү харамсалтай мэт. Зоригтой эрсдэлтэй шийдэл хэрэгтэй юм байна.

2.Дунджаар 20 000 орчим хүн амьдардаг хороонуудад МАН, АН ы дундат албатууд ажиллаж байгаа нь сонгуулиас сонгуулийн хооронд зѳвхѳн намдаа үйлчилж нэр олох хэлбэр болжээ. Гэр хорооллыг улстѳржилтѳѳс салгаж, нэгдсэн тѳлѳвлѳлтѳд оруулах, хѳгжлийн хэтийн тѳлвийг зѳв хараачлах хэрэгтэй мэт

3.Хотын удирдлагууд 4 жил тутамд солигдож байгаа нь хѳгжлийн залгамж үргэлжлэлд саад болдог бололтой. Хэн нэгний эхлүүлсэн сайн ажлыг дараагийн дарга нь үгүйсгэн зогсоож байгаа нь зүгээр л хорлон сүйтгэлт мэт. Хотын удирдлагыг улстѳржилтѳѳс салгаж олон жилээр тогтвортой, зѳв бодлогоор удирдах боломжийг олгох хэрэгтэй юм байна.

4.ЗГ болон Улаанбаатар хотын тѳсвѳѳс санхүүжүүлэн хийж буй бүтээн байгуулалтад хэн нэгэн “мѳнгѳ хийх” гэж “гурилддаг” нийтлэг дуршилаасаа салах, салгах цаг нь болжээ. Зѳндѳѳ бүтээн байгуулалтуудад сэтгэл дутсанаас сэглэгдсэн тѳлѳв харагдаж байна. Халуун дулаан бус, цэвдэг хүйтэн сэтгэлээс сайн үр дүн хэзээ ч гардаггүй. Яасан дуусч дундардаггүй шунал вэ?

5.Үндсэндээ Улаанбаатар хотын газар ачааллаа даахгүйд хүрчээ. Бид ѳнѳѳдѳр ярихгүй байгаа ч агаарын, хѳрсний, усны бохирдол хэдэн жилийн дараа гамшигийн хэмжээнд хүрнэ. Тэгэхээр нийслэлээ нүүлгэх , дагуул хотуудыг тѳлѳвлѳлтэйгээр, орчин үеийн байдлаар байгуулан хѳгжүүлэх нь гарцаагүй зѳв шийдэл болох байхаа. Энэ замбараагүй байрлалд хэтэрхий их хѳрѳнгѳ зарцуулаад үр дүн багатай байх магадлалтай юм байна

6.Яагаад энэ хүмүүст анхаарал тавьж шинэ зууны амьдралд хѳтѳлж оруулахгүйгээр ядуу, арчаагүй байлгасаар байгаа юм бэ? гэсэн гунигтай бодол сэтгэлийн дотрыг “урж” байв. Хүмүүсийг ийм ядуу арчаагүй байлгах хүсэл сонирхол хэнд ашигтай байх юм бол? Яг үнэндээ хѳгжлийн гадна шоовдорлогдон үлдсэн энэ амьдрал Монголын хѳгжилд саад болж байна.

7.Гэр хорооллын амьдралын бодит үнэнийг явж үзэж, харж мэдрээгүй ямар ч улстѳрчдѳд итгэх хэрэггүй дээ. Дарга нараа! Та нар гэр хорооллуудаар дагуулгүй, энгийн байдлаар яваад үз дээ. Та нарын тооцоо судалгаагүйгээр, сэтгэлийн хѳѳрлѳѳр гаргадаг шийдвэрүүд тань амьдрал дээр хэрэгжихгүй, бодит хѳрсѳн дээр буухгүй байна. Ийм байдлаар Монголыг хѳгжүүлэхгүй ээ, наад ихэмсэг яравгар хуурамч багнаасаа сал даа.

…Олон хүмүүс надаас Монголдоо очоод ямар байгааг сонирхон асууж байна. Би ѳѳрийн эх орондоо сонирхох гэж бус амьдрах гэж ирсэн. Сайхан муухайг тоочихоос илүүтэй амьдралын бодит үнэнийг мэдэрч та нартай мэдээллээ хуваалцахыг хүсч байна. Энэ миний эх орон, ѳмнѳ нь амьдарч болоод байсан эх орондоо амьдарч чадалгүй яахав. Харь орноос бид эх орноо хѳгжүүлэхгүй гэдгийг би сайн ойлгосон. Ѳѳрийн хүссэн нийгмээ бид ѳѳрсдѳѳ л байгуулна, хэн ч бидний ѳмнѳѳс бидний эх орныг хѳгжүүлэхгүй. Энэ бодлоо залууст хэлж тэдэнтэй хамтарч, чадах зүйлээ хийх нь миний зорилго. Нэгэн цагт Ж.Кеннеди хэлсэн “Эх орон чинь чиний тѳлѳѳ юу хийхийг хүлээх бус, хүн бүхэн эх орныхоо тѳлѳѳ ѳѳрийн чадах зүйлээ хийх ёстой” цаг үе бидэнд ирлээ.

Ч.Ганжавхлан бидний аялал лавтайяа 3, 4 ѳдѳр үргэлжилнэ. Аялал бүрийнхээ тухай ѳѳрийн санаа бодол, сэтгэгдэлээ та нартай хуваалцах нь миний үүрэг. Гэхдээ гоёчилж хашгирахгүйгээр, гутарч хараахгүйгээр бодит байдлыг хэлэхийг маш их хүсч байна. Маргааш “Ид шидийн орон” 1.2 ын талаар бичнэ. Бид хамгийн ядуугаас хамгийн тансаг хүртэлх бүгдийг үзэж мэдрэхээр тѳлѳвлѳж байгаа. Тэгэхээр нилээд олон цувралуудыг та нар унших болно. Бичлэгтээ бүгдийг багтааж амжихгүй ч боломжоороо бодит ойлголт ѳгѳхийг хичээнээ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2020 оны 01 сарын 02 Улаанбаатар хот

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх