600 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн Алтан донор Д.Бум-Эрдэнийг “Хангарди” одонгоор шагналаа

2019 оны 12-р сарын 27 өдөр, 16 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
81542678_436767413871434_6328603902287544320_n_20191227043152

НИТХ, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран “Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

“Амь бэлэглэсэн амь” хүндэтгэлийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар оролцож 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн 35 байнгын донор иргэдэд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр 220 удаа цусаа бэлэглэсэн Алтан донор иргэн Д.Бум-Эрдэнэд Нийслэлийн дээд шагнал болох “Хангарди” одонг Хотын Захирагч С.Амарсайхан гардуулж, нийслэлчүүдийн өмнөөс талархал илэрхийллээ.

Алтан донор Д.Бум-Эрдэнийн хувьд 2001 онд хоёр ихэр охин нь төрөөд цус сэлбэх шаардлагатай болж анх цусаа өгснөөс хойш 20-иод жил тогтмол цусаа өгч хэвшсэн байна. Өнөөдрийн байдлаар тэрбээр 220 удаа цусаа өгч 600 гаруй хүний алтан амийг аварчээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 318 цусны хүндэт донор байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд тогтмол цусаа өгдөг байнгын донорууд нэмэгдсэн байна. Судалгаагаар 10 өвчтөн тутмын гурав нь цусан бүтээгдэхүүний хомсдолд ордог болохыг тогтоожээ. Тиймээс байнгын доноруудын тоог нэмэгдүүлэх, тэднийг алдаршуулах урамшуулах чиглэлд Хотын Захирагч анхааран ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Хүний амь аварч байгаа доноруудаа бид хүндэтгэх ёстой. Хүний амь нас аварч байгаа үйл хэргийг нь дэмжин урамшуулах ёстой. Улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний нөөцийн 80 хувь нь Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд хэрэглэгдэж байна. Тиймээс ямар нэгэн болзолгүйгээр эрдэнэт хүний амь насыг авардаг эдгээр доноруудаа бүх талаар дэмжин ажиллана” хэмээн онцолсон.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх