2019.12.21-22-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 562 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 432-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж бэртэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-9
- Мөргөлдөх хэлбэрээр -2 тус тус хөдөлгөөнд оролцсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
2019.12.21-ний өдөр 19.20 цагийн орчим Өмнөговь аймаг Ханбогд сумын Жавхлант баг /Ухаа худаг уурхайгаас гашуун Сухайт хилийн боомт хүртэл нүүрсний зам/ асфальтан замд Тоyota prius маркийн автомашин Nord Benz маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 37 настай, эрэгтэй Б нас барсан.
2019.12.22-ны өдөр 06.59 цагийн орчим Дорноговь аймаг Өргөн сум “Цагаан хаалга” гэх газар /сумын төвөөс баруун тийш 5 км/ асфальтан замд Toyota Premio маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй М нас барсан.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт энэ сарын 23-ны өдрөөс эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эх, асран хамгаалж, харгалзан явж буй иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
1. Бага насны /10 хүртэлх/ хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй тул үүргээ биелүүлэх
2. Явган зорчигч нь 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй, хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрж авч явах,
3. Ногоон гэрлээр, явган хүний гарц, гармаар зам хөндлөн гаргаж хэвшүүлэх. Зам тээврийн ослын хор уршгийг ойлгуулж, таниулах
4. Таны хүүхэд харанхуй, үзэгдэл хангалтгүй, гэрэлтүүлэггүй замаар гэр болон сургууль, дугуйлан, дамжаанд ирж очдог бол жолоочид харагдах нөхцөлийн сайжруулах үүднээс тод гэгээлэг өнгийн, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэлтэй явуулах
5. Зорчих хэсэг дээр зогсох, тоглох, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхгүй байхыг анхааруулах
6. Зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас оролдох, дуут дохио болон анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүхгүй байх
7. Хороолол дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих тул тээврийн хэрэгслийн жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох
8. 10 хүртэлх насны хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын суудал, хамгаалах хэрэгсэл ашиглах. Хэрэв зориулалтын суудал ашиглах боломжгүй тохиолдолд хүүхдийг арын суудалд тээвэрлэж, хамгаалах бүсийг зүүж хэвших
9. Уулзвар гарц, сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн жолооч та хурдаа хасаж, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас зөвлөж байна.