“Дэзэрэт” Олон улсын хүмүүнлэгийн байгууллагын Азийн бүс нутаг хариуцсан захирал Тодд Бажж, орон нутаг хариуцсан захирал Роберт Дастин, хатагтай Клэйр Дастин, Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Г.Түвшинжаргал нар 2019 оны 12 сарын 11-ний өдөр Архивын ерөнхий газарт хүрэлцэн ирж, байгууллагынхаа талаар мэдээлэл хийн, Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
“Дэзэрэт” олон улсын байгууллагын харьяалал бүхий гэр бүл судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Гэр бүлийн хайлт /Family search/ байгууллага нь дэлхийн олон орны хүмүүсийн ураг төрөлтэй холбоотой мэдээллийг хадгалж, дэлхийн хамгийн томд тооцогдох архивтай юм байна. Тус байгууллага нь эдгээр цаасан суурьтай баримтуудыг цахимжуулах ажлыг хийж байгаа бөгөөд энэ чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа.Мөн тус байгууллага нь залуучуудад гэр бүлийн боловсрол олгодог, тэдний гэр бүлтэй холбоотой системчилсэн сургалт зохион байгуулдаг гэр бүлийн асуудал хариуцсан томоохон институттэй бөгөөд тус институтэд Архивын ерөнхий газрын албан хаагчдаас явуулж, богино хугацааны туршлага судлуулах, ургийн бичгийг хөтлөх чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг гэр бүлийн хайлт байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцуулах, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн талаар судалгаа хийх, жил бүр зохион байгуулагддаг олон улсын чуулга уулзалтад Монголын архивын албан хаагчдыг оролцуулах зэрэг цаашдын хамтын ажиллагааны асуудлуудаар хоёр тал харилцан санал солилцлоо.