Монгол Улсын хилээр их хэмжээний хар тамхи нэвтрүүлж, бусдад худалдсан гэх хэргээр саатуулагдан шалгагдаж буй Нигерийн иргэдэд холбогдох шүүх хурал өчигдөр /2019.12.12/ болжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын иргэн Адекола Олавасен Азеезд зургаан жил, Анози Дарлингтон Донд гурван жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд гурван жилийн хорих ял оноож шийдвэрлэлээ.
Дээрх этгээдүүд англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлджээ. Үүнээс гадна У. Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон аж.