Д.Алтанхуяг: Энэ жилийн “Цөмөөхэй”-д цаатан хүү оролцоно

2019 оны 12-р сарын 12 өдөр, 15 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsaatan

Монголын балетын хөгжил сангаас жил бүр шинэ жилийн баяр угтан зохион байгуулдаг “Цөмөөхэй” буюу П.И.Чайковскийн дэлхийд алдартай “Щелкунчик” балетын талаар гавьяат жүжигчин Д.Алтанхуяг “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр дараах мэдээллийг тодрууллаа.
– Хүүхэд багачуудын үзэх дуртай “Цөмөөхэй” тоглолт энэ жил ямар онцлогтой болох вэ?
– Монголын балетын хөгжил сан 2010 онд байгуулагдсан. Тус сангаас жил бүр шинэ жилийн баяр угтан хүүхэд багачуудад, нийгэмд урлагийн боловрол олгох зорилготой “Цөмөөхэй” тоглолтыг толилуулдаг. Энэ тоглолт шинэ жилээр дэлхийн олон оронд тоглогддог бөгөөд Монголд зургаан жилийн өмнө Монголын балетын хөгжил сангийн уран бүтээлчдээр дамжуулан хүүхэд, багачуудад хүрч байсан. “Цөмөөхэй” балетын тоглолтод жил бүр 200 гаруй хүүхэд тоглодог байсан бол энэ жил 199 хүүхэд тоглоно. Тоглолтод оролцох хүүхдүүдийг жил бүр шинээр сонгон шалгаруулдаг. Өмнөх жилүүдийн “Цөмөөхэй”-д тоглосон хүүхдүүдтэйгээ нийлээд энэ тоглолтод 1000 гаруй хүүхэд оролцсон байна.
-Тоглолтын хуваарийг танилцуулаач. Мөн энэ удаагийн тоглолтод Хөвсгөл аймгаас цаатан хүү цаа бугатайгаа ирж оролцоно гэж байсан. Энэ талаарх мэдээллийг сонирхуулаач?
-“Цөмөөхэй” балет нь УДБЭТ-т арванхоёрдугаар сарын 20, 21, 27, 28-ны өдрүүдэд тоглоно. Тоглолтод энэ жилийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүд оролцохоос гадна Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас цаатан хүү ирж оролцоно. Бид Хөвсгөлд аялж байгаад санаандгүй 11 настай цаатан хүүтэй тааралдсан юм. Тэгээд цаа бугыг нь сонирхох зуураа хүүд тоглолтынхоо тухай дуулгасан. Тэгээд зураг, бичлэгийг нь үзүүлээд, тоглолтод оролцох санал тавихад ихэд сонирхон хүлээж авсан. Тэгээд энэ удаагийн тоглолтод Хөвсгөл аймгаас цаатан хүү Сугараа ирж оролцоно. Тиймээс энэ удаагийн “Цөмөөхэй”-д сонгон шалгаруулалтад тэнцсэн шинэ хүүхдүүд тоглохоос гадна шинэчлэгдсэн дүр төрхтэйгээр үзэгчдэд хүрч буйгаараа онцлог юм.
-Уран бүтээлчдийн хувьд ямар хүмүүс тоглож байна. “Цөмөөхэй” тоглолт орон нутгийн хүүхэд багачуудад хүрэх боломжтой юу?
-Энэ жилийн “Цөмөөхэй”-д миний бие өөрөө тоглоно. Мөн ОХУ-ын Пермь хотын театрын гоцлол балетчин Р.Булган тоглоно. Түүнчлэн УДБЭТ-ын чадварлаг уран бүтээлчид, Соёлын тэргүүний ажилтан Б.Саруул, Б.Мөнхнаран, Ө.Мөнхжин, М.Нандинцэцэг, О.Даваадорж нар тоглоно. Цаашид “Цөмөөхэй” тоглолтыг дан ганц нийслэлийн хүүхэд, багачуудаас гадна аймаг, орон нутгийн хүсэлтээр хөдөө орон нутагт тоглох боломжтой. Энэ тоглолтоор бид хүүхэд багачуудаар дамжуулан нийгэмд урлагийн боловсрол олгож, хүүхэд багачуудад хүмүүжил төлөвшлийг олгох зорилготой юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх