Нийслэлийн онцгой комиссын 14 дүгээр хурал өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн талаар нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хүрээнд “Сайн” картын бүртгэлжүүлэлт 96.2 хувьтай байна. Дүүрэг хороодын Засаг дарга нар хуваарь гаргаж “Сайн” картны хэрэглээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Одоогоор түлш борлуулах зарим цэг түлшгүй болсон байна. Сүхбаатар дүүрэгт 12, Чингэлтэй дүүрэгт 13, Баянгол дүүрэгт 3, Сонгинохайрхан дүүрэгт 44 цэг, Хан-Уул дүүрэгт 1 цэг түлш савлах хүнгүйн улмаас түлш борлуулах боломжгүй болоод байна” гээд түлш борлуулах цэгүүд түлшгүй болсон асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг дуулгалаа.
““Тавантолгой түлш” компанийн үйлдвэр дээр цахилгааны эх үүсвэрээс үүдэлтэй доголдол гарч, жигд горимоор ажиллах боломжгүй байгаа учраас түлш борлуулах цэгүүдэд хомсдол үүссэн” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.
Цахилгааны эх үүсвэргүйн улмаас зарим шугамд доголдол үүссэн, одоогоор 11 шугам ажиллаж байгаа, үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж борлуулах цэгүүдэд үүссэн түлшний хомсдлыг яаралтай шийдвэрлэхээр ажиллаж байна хэмээн “Тавантолгой түлш” компанийнхан тайлбарлаж байлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үйлдвэрийн бүх шугамыг бүрэн ажиллуулж түлш борлуулах цэгүүдийг яаралтай түлшээр хангахыг Тавантолгой түлш компанийн удирдлагад даалгаад нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан ажиллана гэлээ.
Нийслэлийн онцгой комисс маргааш өглөө дахин хуралдахаар товлосноор энэ удаагийн хуралдаан өндөрлөлөө.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс