Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг гэр хороололд нэвтрүүлж эхэллээ

2019 оны 12-р сарын 10 өдөр, 21 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
79157450_502743437116628_7508626452963655680_n_20191210033607

“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн санаачилгаар өрхийн дундаж орлогод нийцэхүйц, дунджаар 50 ам метр талбай бүхий төрөл бүрийн хийц, шийдэлтэй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээний нээлт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн гадна талбайд боллоо.

Нийслэл Улаанбаатар хотод тулгарч буй агаарын бохирдол, дотоод болон гадаад орчны агаар дахь жижиг ширхэгт тоосонцрын хэмжээг бууруулах, мөн иргэдэд тав тухтай оршин суух нөхцөлийг бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах тус арга хэмжээний нээлтэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ХБНГУ-ын Элчин сайдын яаман дахь Хөгжлийн хамтын ажиллагааны дарга, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ёоханнес Шнайдер, Барилга, хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Гантулга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад холбогдох албаны хүмүүс, цэцэрлэгийн ажилчид, иргэд, олон нийт оролцов.

Энэ үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бол дундаж давхаргад зориулсан маш олон давуу талтай сууц болж байна. Өөрийнхөө өмчилж авсан газартаа ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх бас нэгэн шийдэл гэж харж байна. Энд хамтарч ажилласан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгт талархал илэрхийлье” хэмээн ярилаа.

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг дээшлүүлэх нь” төслийг 2019 оноос эхлүүлсэн. Төслийн хүрээнд “Барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг дээшлүүлэх хөтөлбөр” боловсруулах ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр ахлан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтад тэнцэн баригдаад буй дотоодын барилгын компаниудын барьсан дөрвөн төрлийн амины орон сууцууд нь Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын БНбД 23-02-09 “Барилгын дулаан хамгаалалт” норм стандартад зааснаас 20 хувиар илүү эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлагыг хангаж байгаагаараа онцлог. Төслөөс цаашид ч тус шаардлагыг хангасан аль болох олон төрөл, шийдэл бүхий амины орон сууцуудыг зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна. Эдгээр сууцны давуу тал нь эрчим хүчний хэмнэлттэй барилгыг худалдан авах сонирхолтой, шалгуурт нийцэж буй гэр хорооллын айл өрхөд үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх, түүнчлэн хөнгөлөлттэй зээл олгох зэрэг бололцоог олгож байгаа аж.

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороон дахь Нийслэлийн 188 дугаар цэцэрлэгийн хашаанд байршуулжээ. Сонирхсон иргэд амралтын өдрүүдэд очиж, орон сууцуудтай танилцан, харьцуулалт хийж сонгох боломжтой юм байна. Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцуудын гүйцэтгэгчээр “Изохаус” ХХК, “Эрэл” ХХК, “Дэлгэр констракшн” ХХК, “Гранд Авгуш” ХХК зэрэг компаниуд шалгаран ажиллажээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх