Монголын дугуйчид Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн амжилттайгаар 60 жилийнхээ ойг угтаж байна. Анх 1959 оны есдүгээр сард байгуулагдаж, анхны эмблем, тамга тэмдгээ гардан авч, улмаар 1960 оны долдугаар сард дэлхийн унадаг дугуйчдын холбоонд элссэн түүхтэй ажээ. Энэхүү байгууллага нь өдгөө 42 баг, клубийн улсын зэрэг цолтой нийт 350 гаруй тамирчинтай, Ази, Европ тив дэлхийн уралдаан тэмцээнээс нийт 600 орчим алт, мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирсан байна.
Монгол Улсад дугуйн спорт үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү хэлэхдээ “Олон улсад үзүүлсэн амжилтаараа ТОП 6-д багтах болсон Монголын ууган спортын энэ төрлийг цаашид улам хөгжүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн хүн амын эрүүл мэнд, биеийн тамир спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын дугуйн холбоо 2017-2020 оны бодлого, зорилт тавьж ажиллалаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд мэргэжлийн дугуйн спортыг хөгжүүлэх хүрээнд дотоодын чанартай нийт 50 орчим уралдаан зохион байгуулж, гадаадын 20 гаруй тэмцээнд тамирчдаа оролцуулсан. Манай тамирчид дугуйн спортын төрөлд амжилт гаргасаар байна. Хамгийн чухал нь ханан тойргийн уралдааны төрлийн спортын цогцолбор, Туул гол дагасан зам барих зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдэх шаардлагатай, үүнд бид анхаарч байна. Мөн материаллаг баазыг нь хангаж, мэргэжлийн шигшээ баг бүрдүүлэх нь бидний чухал зорилгын нэг юм” гэлээ.
Мөн Монголын дугуйн холбооноос байгаль орчинд ээлтэй унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчилж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үүднээс Дугуйн парад зэргийг улсын хэмжээнд зохион байгуулснаар сонирхогчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг онцлоод 1964, 1980, 1992, 1996 олимпод оролцож байсан амжилтуудыг түүчээлж цаашид олимпын наадамд оролцох эрх авахын төлөө тамирчдаа дэмжин, тэмцээн уралдаанд оролцох боломжоор ханган гэдгийг тодотгов.
Тус холбооноос сүүлийн хоёр жилд олон улс, тив дэлхийн уралдаан тэмцээнд оролцож буй тамирчдаа дэмжин ажилласны үр дүнд багагүй амжилтууд гарсан байна. Тухайлбал, 2018 онд Азийн аварга шалгаруулах тэмцээний Засмал замын дугуйн Under-23 ангиллын бөөн гараат уралдаанаас ОУХМ С.Жамбалжамц, Track дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангиллын төрлөөс ОУХМ Б.Тэгшбаяр нар хүрэл медаль хүртсэн нь Монгол Улсын түүхэнд анхдагч болон бичигджээ. Мөн ОУХМ Т.Пүрэвдорж Ази, Номхон далайн орнуудын мастеруудын анхны наадмын 60, 70 насны ангиллын тэмцээний хошой алтан медаль, ОУХМ С.Түмэндэмбэрэл, ОУХМ Х.Пүрэвсүрэн нар Засмал замын дугуйн 2018 оны Мастеруудын Азийн АШТ-ээс тус бүр хүрэл медаль хүртсэн нь салбарын түүхэнд шинэ хуудас нээсэн үйл явдал болсон юм.
Дугуйн спортын олон улсын хэмжээний мастер Б.Тэгшбаяр “Миний хувьд дугуйн спортыг 2013 оноос хойш Олон улсын хэмжээний мастер С.Төмөрхуяг дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэж ирсэн. Анх 2016 онд Швейцар улсад зохиогдож байсан Дугуйн тойрог замын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бөөн гараат төрөлд амжилттай оролцож Залуучуудын дэлхийн аварга болж байсан. Энэ жилийн тухайд гэвэл 2019 онд Индонез улсын Жакарта хотод зохиогдсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан байгаа. Түүнээс гадна БНХАУ зохиогдсон олон улсын А зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож эхний гурван байрт орж амжилттай оролцсон байгаа. Цаашид дугуйн спортыг эх орондоо хөгжүүлэхийн төлөө илүү сайн хичээх болно. Мөн залуусыгаа энэ спортоор хичээллээсэй гэж хүсэж байна” гэлээ.
Монголын дугуйн холбооны түүхт 60 жилийн ойд дугуйн спортын эхлэлийг тавьсан, дэлхийн хэмжээний уралдаанд эх орныхоо нэрийг анхлан дуудуулсан Гавъяат дугуйчин Цэвгээгийн Даржаагаас эхлээд үе үеийн тамирчид, дасгалжуулагчид хүрэлцэн ирсэн байлаа.
Бэлтгэсэн Э.Мөнхзаяа