Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн үеийн булш ухагдаж, гэмт этгээдүүд нь булшнаас авсан эд зүйлээ зарах гэж байгаад баригджээ. Хэргийн талаар мэдээллийг Дорноговь аймгийн цагдаагийн газар хүлээн авч 2019 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн Эрүүгийн цагдаагийн албаны III хэлтэстэй хамтарч шалгалтын ажиллагааг хийж байна.
Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат “З”, “Г” нар нь 2019 оны тавдугаар сарын 20-ны орчимд тус аймгийн Хатанбулаг сумын нутагт металл хайгч багаж ашиглаж эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг зэвэрч хөгцөрсөн байдалтай гуулин эд зүйлсийг газрын хөрснөөс ухаж гарган худалдан борлуулах зорилгоор хадгалсан байна.
Сэжигтэй этгээд “З”-г Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан бөгөөд хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд гэрт нь үзлэг хийж эд мөрийн баримтаар эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйлсийг хураан авжээ.
Хураагдсан эд зүйлийг Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болохыг тогтоогдсон. Эдгээр зүйлсийн үнэлгээг тоон утгаар илэрхийлэх боломжгүй, соёлын хосгүй үнэт зүйлсийн ангилалд багтах эд зүйл болох нь тогтоогдон холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.