Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдыг тохоон томилох тухай зарлиг гаргаж Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг томиллоо. Мөн өдрөөс эхлэн түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөс чөлөөлөв.
ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар, 2018 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан туршлагатай.