Ираны нэрт жүдоч, дэлхийн хошой медальт, Саид Моллаеи Монгол Улсын иргэн болжээ

2019 оны 12-р сарын 02 өдөр, 10 цаг 00 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2019_saeid_mollaei_mongolia

Ираны нэрт жүдоч, дэлхийн хошой медальт, Саид Моллаеи Монгол Улсын иргэн болжээ. Ингэснээр тэрээр энэ сарын 12-14-нд болох БНХАУ-ын Чиндаод болох Мастерсын тэмцээнд  манай улсын нэр дээр анх удаа зодоглоно.

Улс төрийн асуудлаас болоод Ираны иргэншлээс татгалзсан Саид Моллаеи манай улсын иргэншил авч, улмаар Монголын жүдо бөхөд зүтгэхээр шийджээ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д сүүлийн гурван жил дараалан дэлхийн дэвжээнд медалийн төлөө өрсөлдсөн С.Моллаеи 2017 онд хүрэл, өнгөрсөн жил алтан медаль хүртсэн. Харин энэ жилийн ДАШТ-ий үеэр Израилийн Саки Мукитай барилдах магадлалтай байсан юм. Израиль бөхтэй барилдуулахгүй гэж түүнийг дарамталсан тул Бельгийн Матиас Касстай барилдахаас татгалзсан билээ.

Ираны иргэншлээс татгалзсан Саед өнгөрсөн хугацаанд Германаас улс төрийн орогнол хүссэн ч иргэншил авч чадаагүй. Тэрээр  Олон улсын жүдо бөхийн холбооны дүрвэгчдийн багийн нэр дээр тэмцээнд оролцож байв.

Дүрэм ёсоор бол С.Моллаеи Монголын иргэншил авч, бүхнийг шинээр эхэлвэл дэлхийн чансааны оноогоо хасуулах ёстой юм. Гэхдээ IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо улс төрийн шаардлагаар иргэншлээ сольсон С.Моллаеиг онцгой нөхцөл байсан хэмээн үзэж, оноог нь хэвээр үлдээжээ.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д С.Моллаеигаас гадна О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, Б.Гаажадамба нарын бөхчүүд бий. Одоогоор О.Ууганбаатар дэлхийн чансааны 17-д, Н.Дагвасүрэн дэлхийн чансааны 27-д жагсаж байгаа. Харин С.Моллаеи дэлхийд чансаагаар гуравдугаарт бичигдэж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх