Бээжин хотноо “Монголын кино өдрүүд-2019”арга хэмжээ “ТҮЦ-ний охид” киногоор амжилттай эхэллээ

2019 оны 12-р сарын 02 өдөр, 09 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
78289662_578778299617955_3673999622969229312_n

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улстай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байна. Ойн хүрээнд талууд соёлын өдрүүдээ харилцан өргөн дэлгэр зохион байгуулж байгаа бөгөөд арга хэмжээний нэг хэсэг болох “Монголын кино өдрүүд” БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо 12 дугаар сарын 1-нд нээлтээ хийлээ.

Монгол Улсад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бүтээгдсэн 90 орчим киноноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) 12 киног сонгон авч БНХАУ-ын Соёлын яаманд хүргүүлсэн бөгөөд тус яамны Үзэл суртал хариуцсан хэлтсийн мэргэжилтнүүд үзэж судлан “Алсын удирдлага” (2015), “Итгэл” (2017), “ТҮЦ-ний охид” (2017), “Халуун зүрх” (2019) зэрэг кинонуудыг гаргахаар болжээ.

77257970_578778402951278_4425921793747845120_n

“Монголын кино өдрүүд-2019” арга хэмжээний нээлтэд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн хэлсэн үгэндээ, Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай тунхаглал”-ын хүрээнд манай хоёр улс Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэхүү кино өдрүүдээр олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн Монгол кинонуудаар эргэн уулзаж буйдаа туйлаас баяртай байна. Кино урлагаараа дамжуулан өөрийн улс үндэстэн, ард түмний түүх, соёл, хөгжил дэвшлийг дэлхийд таниулж, кино урлагийн хөгжилд өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж чадсан арвин туршлагатай та бүхэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна гэсэн юм.

БНХАУ-ын Кино, архивын газрын дэргэдэх кино театрт явагдаж буй “Монголын кино өдрүүд-2019” арга хэмжээ “ТҮЦ-ний охид” киногоор амжилттай эхэллээ. Өрх толгойлсон, ганц бие эмэгтэйчүүдийн нийгмийн асуудал, эрхэлж буй жижиг бизнес, тэдний өмнө тулгамддаг асуудлуудыг бүтээлчээр харуулсан “ТҮЦ-ний охид” кино нь найруулагч Д.Галбаярын бүтээл юм. Кино өдрүүд даваа гарагийн 17:00 цагт найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” (2015), найруулагч Б.Гарамхандын “Итгэл” кинонуудаар үргэлжилнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх