Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийн багш, алба хаагч, сонсогчдын санаачлан зохион байгуулсан “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” сайн үйлсийн аян өнөөдөр өндөрлөлөө.
Тус сургуулийн хамт олон аяны хүрээнд өөрийн гэсэн орон гэргүй, зургаан охинтой өрх толгойлсон Г.Эрдэнэчимэг эмэгтэйд тусламжийн гараа сунгаж, орон гэртэй болгон, хашаа, амбаар барьж, хүүхдийн тоглоомын талбайтай болгохыг зорьсон байна.
Харин тэд сайн үйлсийн аянд нэгдсэн байгууллага, иргэдийн тусламжтайгаар Г.Эрдэнэчимэгийн гэр бүлд өргөө цагаан гэр, гэрийн тавилга, хувцас хунар, цахилгаан бараа, хүүхдийн хичээлийн хэрэгсэл, тоглоом, хүнс, сайжруулсан түлш зэрэг бусад эд зүйлийг нь хүлээлгэн өгснөөр “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” аян амжилттай өндөрлөж байна.
Энэхүү арга хэмжээнд ДХИС-ийн Ахлагчийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Ганбаатар тэргүүтэй тус сургуулийн хамт олон, “Домогт хийц” ХХК, “Ривер клуб”, “Хобби зон” ХХК-ийн төлөөлөл оролцож, Г.Эрдэнэчимэгийн гэр бүлд сайн сайхныг хүсч, гэр, хашаа, бусад эд зүйлийг нь хүлээлгэн өгч гарын бэлэг гардуулав.
Энэ үеэр олон хүүхэдтэй ээж Г.Эрдэнэчимэг аянд нэгдэж, тусламжийн гараа сунгасан хүн бүрт талархсанаа илэрхийллээ.
“Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” сайн үйлсийн аян найман хоног үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд Ахлагчийн сургуулийн сонсогчид хүйтнийг үл ажран газар ухаж, хашаа хатгасан байна.
Мөн аян хүрээнд “Түмний байр” төслийн хамт олон Г.Эрдэнэчимэг бүсгүйд 40 шуудай сайжруулсан түлшээр сэтгэлийн хандив өргөсөн бол “EMALIDENT” шүдний эмнэлгийн эмч нар Г.Эрдэнэчимэг болон түүний охидод амны хөндийн үзлэг, эмчилгээ хийжээ.
Түүнчлэн Дотоод хэргийн их сургуулийн 210 сонсогч, оюутан сайн дураараа сайжруулсан түлш савлан цалингаа “Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” сайн үйлсийн аянд хандивласан байна.
Мөн Ахлагчийн сургуулийн Хилийн албаны тэнхимийн багш, алба хаагчид Г.Эрдэнэчимэгийн гэр бүлд хөргөгч, цахилгаан зуух зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгөв.
Аяны хүрээнд байгууллага, иргэдээс 15 сая орчим төгрөгийн хандив цуглажээ. Энэ мөнгийг гэр, хашаа, амбаар барих, бусад шаардлагатай эд зүйлд зориулж үлдсэнийг нь Г.Эрдэнэчимэгийн хүүхдүүдийн “Голомт банк”-ны хадгаламжийн дэвтэрт хадгалуулсныг Ахлагчийн сургуулийн дамжааны захирагч-багш, цагдаагийн ахлах дэслэгч Л.Батсүрэн онцоллоо.
“Ирээдүйд гэрэлтэх зүрхний төлөө” аяныг амжилттай зохион байгуулсан Ахлагчийн сургуулийн хамт олон, тус сургуулийн Цагдаагийн албаны тэнхимийн ахлах багш, цагдаагийн хошууч Х.Эрдэнээ, дамжааны захирагч-багш, цагдаагийн ахлах дэслэгч Л.Батсүрэн, сонсогчдод Г.Эрдэнэчимэгийн гэр бүл, иргэд талархал илэрхийлсээр байна.
Эх сурвалж: Дотоод хэргийн их сургууль