Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /БСШУСЯ/, Монголын Аутизмын Холбоо, Гэрэлт Оюун хүүхдүүд ТББ хамтран “Ерөнхий боловсролын сургуульд аутизмтай хүүхдийг тэгш хамруулан сургах нь” хоёр дахь удаагийн сургалтаа зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтад Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн ЕБС-ийн сургалтын менежер, нийгмийн ажилтан, бага ангийн багш, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төлөөлөл зэрэг 100 гаруй хүн хамрагдлаа.
БСШУС-ын сайдын А/292 дугаар тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг Ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам” өнгөрсөн таван сард батлагдсан. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүд харьяа дүүргийн ЕБС-д суралцах боломж нээгдэж байгаа юм.
Монголын Аутизмын холбоо, БСШУСЯ-ны бодлогын хэрэгжилтийг урт хугацаанд үр дүнтэй байлгах үүднээс багш нарыг сургах, шаардлагатай мэдлэг ойлголт, ур чадварыг олгох сургалтын хамтран зохион байгуулж нийт Улаанбаатар хотын 1000 багшийг сургах юм.