Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын А/490 тушаалаар 2019-2020 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан. Энэ хичээлийн жилд бага ангийн сурагчид 31 долоо хоног, дунд болон ахлах ангийн сурагчид 32 долоо хоног хичээллэх ба үүний долоон долоо хоног нь улирлын амралт байх аж.
Нийслэлийн ерөнхий боловсролын сурагчдын хоёрдугаар улирлын амралт 12 дугаар сарын 23-аас нэгдүгээр сарын 10-ныг дуустал буюу гурван долоо хоног амарна. Томуу, томуу төст өвчний дэгдэлт, тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран хоёрдугаар улирлын амралт нэг долоо хоногоор сунгагдаж байгаа юм байна.
Харин Цагаан сарын амралт хоёрдугаар сарын 24-28-ыг дуустал нэг долоо хоног үргэлжлэх бол гуравдугаар улирлын амралт гуравдугаар сарын 23-аас эхэлж дөрөвдүгээр сарын 3-ыг дуустал амарна.
Орон нутгийн ЕБС-ийн сурагчдын хувьд хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 30-аас эхлэн нэгдүгээр сарын 10-ныг дуустал хоёр долоо хоног амарна. Мөн Цагаан сараар хоёрдугаар сарын 24-нөөс 28-ныг дуустал нэг долоо хоног амрах бол гуравдугаар улиралд гуравдугаар сарын 23-наас дөрөвдүгээр сарын 10-ыг дуустал амрах юм байна.