Засгийн газрын өчигдрийн /2019.11.28/ хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12.3, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.3, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.3-т заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргад “Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагчийн эрх” олголоо.
Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан өнөөдрийн байдлаар Архангай аймгийн 1000 өрхийн 388,3 мянган мал, Булган аймгийн 1630 өрхийн 482,7 мянган мал, Дундговь аймгийн 1000 өрхийн 780,000 мал, Өвөрхангай аймгийн 1440 өрхийн 1,2 сая мал, Төв аймгийн 600 өрхийн 425,0 мянган мал буюу нийт 5670 өрхийн 3,2 сая мал Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв зэрэг бусад аймгуудад отор нүүдэл хийж байна.
Үүнтэй холбогдуулан Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад отор нүүдэл хийж байгаа малчид, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулж дээрх аймаг тус бүрт 50 сая нийт 350 сая төгрөгийг,
Дундговь, Өвөрхангай, Төв аймагт улсын нөөцөөс үнэгүй олгох 1710 тонн өвс, үнийг нь 50 хувь хямдруулан олгох 1370 тонн тэжээл, тэдгээрийг буцаан нөхөн бүрдүүлэх зардалд 954,7 сая төгрөгийг,
Мөн өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгуудын малчид, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор улсын нөөцөөс “Шуурхай албаны автомашин” олгох, Дундговь, Өвөрхангай, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад өвс, тэжээлгүйн улмаас өлдөж, доройтсон малд хүчит тэжээл, малын эм биобэлдмэл өгөх, тэдгээрийг буцаан нөхөн бүрдүүлэх зардалд 410,3 сая төгрөг буюу 1,7 тэрбум төгрөгийг тус тус Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.