Монгол бахархлын өдөр, Бүгд Найрамдах улс тунхагласны ойд зориулсан хүчит бөхийн барилдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв

2019 оны 11-р сарын 27 өдөр, 15 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
OTGO8989

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ой-Монгол бахархлын өдөр болон Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн баярын өдөрт зориулсан өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байна.

Бөхийн барилдааныг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Монголчууд аа,

Хүрэлцэн ирсэн зочид оо

Дэлхий даяарт тархан суурьшсан монголчууд аа

Их Эзэн Чингис хааны мэндэлсний  857 жилийн ой болон Анхдугаар Үндсэн хууль, Бүгд Найрамдах засаглалын 95 жилийн ой дараалсан ховорхон бэлгэшээлт өдрүүд тохиож байна. Иймээс өнөөдөр энэ хоёр баярт зориулсан хүчит бөхийн барилдааныг нэгтгэн зохион байгуулж байгаа юм.

Баярын энэ өдрүүдэд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн уг эхийг нотлон баталгаажуулсан, мөн өвөг дээдсийнхээ суу алдар, үндэсний уламжлалт урлагийн дундаршгүй өв соёлыг дэлхий дахинд бахархалтайгаар түгээж яваа “Хү” рок хамтлагийг Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнасан зэрэг чухал үйл явдлууд ч тохиолоо.

1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бол Монголын түүхийн чухал нэгэн цэг байв. Энэ өдөр Монголчууд анхдугаар Үндсэн хуулиа санаа нэгтэйгээр баталсны цаад учир нь 1924 оны 5 дугаар сарын 31-нд ЗХУ, Бүгд Найрамдах Хятад улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн 5 дугаар зүйлд, “ЗХУ нь Гадаад Монголыг Бүгд Найрамдах Хятад Улсын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрч, Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ” гэх утга бүхий заалт оруулсныг эсэргүүцэн өөрсдийн тусгаар тогтнол, бүрэн эрхийг тунхаглахад оршиж байжээ.

Монголчууд өөрсдийн Үндсэн хуулийг гарган баталж, Бүгд найрамдах засаглалд шилжиж байгаагаа зарласан нь хөрш орнуудын хуйвалдаан, тулгалт шахалтыг үл тоож байгаагаа, бид тусгаар улс, өөрсдийн хүсэл зоригоор байна гэдгээ олон улсад, дэлхий дахинд мэдэгдсэн хэрэг болсон юм. БНМАУ-ыг тунхагласны түүхэн үнэ цэн чухамхүү энд л оршдогийг марталгүй санаж явах учиртай юм, бид.

Дээд тэнгэрээс заяат Их Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр бол монгол бидний хувьд асар их утга учир, агуулга, бахдал омогшлыг илэрхийлдэг баяр. Дээлтэй, цөөхөн монголчуудаа дагуулсаар дэлхийн түүхийг тодорхойлох зэрэгт хүргэсэн аугаа их удирдагч Чингис хаан бол үеэс үед, улсаас улсад, удмаас удамд монгол туургатан бидний үндэсний үзлийн оргил, бишрэл бахдалын дээд байсаар ирсэн юм. Байх ч болно.

Ийм утга учиртай Монгол бахархлын өдөр, Бүгд Найрамдах улсыг тунхагласан өдрүүдийн хүчит бөхийн барилдаанд өндөр чансаатай 128 бөх уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг сорихоор зодоглож байна.

Монгол уламжлал, монгол заншлаараа хүчтэнүүдийнхээ барилдааныг шимтэн үзэж, таалан сонирхоно уу.

Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх