Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюү башёгийн 14 дэх өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Сэкиваке Митакэүмиг унагаж 13 даваа, 1 унаатайгаар 43 дахь түрүүгээ авлаа.
Эзэн хааны цомыг 43 дахь удаагаа хүртсэн Их аварга хэлэхдээ, “Кюүшюү башёд 3 жил түрүүлээгүй байсан, их баяртай байна. Энэ удаа өдөр бүр л эрх хүч нэмэгдэж байлаа. Гуравдугаар сард авсан гэмтэл бэртлээ давж гарч чадлаа. Бэлтгэл их сайн байсан. Башёгийн сүүлийн барилдаанд давж ялалтаар дуусгамаар байна” гэжээ.
Энэ өдрийн барилдаанд Асанояма, Рюүдэнг ёрикири мэхээр давснаар 3 унаа, 11 даваатай болсон. Харин 8 даваатай болж 50 хувийн амжилтаа хийсэн Озэки Такакейшо, өнөөдөр Абид окуридаши мэхээр ойчиж 8 даваа, 6 унаатай болсон бол Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд Тамаваши Б.Мөнх-Оргил, Эндод ёритаоши мэхээр унаж, тэд адилхан /7-7/ даваа унаа нь тэнцсэн байна.