Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арваннэгдүгээр сарын 18-наас арваннэгдүгээр сарын 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
Төрийн байгууллагын автомашиныг албаны бус зорилгоор ашигласан тохиолдолд ажлаас нь чөлөөлөх тухай захирамж гаргалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Захирамжид “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж төрийн байгууллагын эд хөрөнгө, техник, албан мэдээллийг хувийн зорилгоор ашиглан завшихгүй байх, ажил үүргээ цаг тухайд нь биелүүлж ажиллахыг төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчдад зөвлөсүгэй” хэмээжээ. Түүнчлэн төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл /автомашин/, мэдээллийг албаны бус зорилгоор өөрөө болон бусдад ашиглуулсан төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх,төрийн албанд дахин ажилууллахаас татгалзах үндэслэл болох Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтын дагуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, холбогдох эрх бүхий албан тушаалтнууд, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай гэжээ
Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүллээ
Монгол Улсын ирэх оны төсвийн хуулийг УИХ хуулийн хугацаандаа баталсан. Хуулийн дагуу одоо аймаг нийслэл ирэх оны төсвөө боловсруулж байгаа билээ. Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “… Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг тухайн шатны Засаг дарга олон нийтэд танилцуулж, орон нутгийн иргэдийн санал, хүсэлтийг тусган боловсруулна” гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Иргэдийн оролцоотой Нийслэлийн 2020 оны төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг”-ийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Нийслэл, дүүргийн 400 орчим иргэн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, 40 орчим иргэн санал бодлоо хэлсэн. Мөн оролцогсод нийслэлийн ирэх оны төсөвт тусгах саналаа бичгээр буюу санал авах маягтыг бөглөж өгсөн юм. Тодруулбал, дүүрэг хороодод хийгдэж буй удаашралтай байгаа төсөл хөтөлбөрийг урагшлуулах, зарим хороонд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг хийх зэрэг саналыг иргэд хэлж байв. Иргэдээс гаргасан саналуудыг нэгтгэн, Нийслэлийн 2020 оны төсвийн эх үүсвэрийн хүрээнд тусгах аж.
Төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарын гэр хорооллын хороодод ажиллах хуваарийг танилцууллаа
Нийслэлийн онцгой комиссын есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар 2019 оны аравдугаар сарын 01-нээс 2020 оны дөрөвдүгээр сарын 01-н хүртэл Улаанбаатар хотын хэмжээнд есөн дүүргийн бүх шатны Засаг дарга нар, нутгийн захиргааны албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж гарч хэрэгжилтийг бүх шатны нутгийн захиргааны байгууллагууд хангаж ажиллаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшийг хороодын борлуулалтын цэгээс айл өрхүүдэд нийлүүлэх, түгээх үйл ажиллагаанд хяналт тавих, сурталчлах, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын аравдугаар сарын 21-ны өдөр гаргасан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах удирдамжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж ажиллах тухай” А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд дүүргээс ямар ажлууд зохион байгуулж байна. Сайжруулсан шахмал түлшний борлуулалт хийх 100-150 гэрээт ажилтан ажиллуулах хүн хүчийг арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн дотор бүрдүүлж, дүүргүүд дэх бөөний цэгүүдэд ажиллуулах ажил ямар шатанд байна. Агаарын чанарын бүсэд байгаа аялал жуучлал, боловсрол, эрүүл мэнд, мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, түүхий нүүрс хэрэглэдэг аж ахуйн нэгж байгууллагын судалгааг гаргаж, яндангийн шүүлтүүр нь чанарын шаардлага хангаж байгаад хяналт тавих, хороодын ажилтнууд, хэсгийн ахлагч нарт сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээ, галлагаа, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, хордсон үед эрсдэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдлэг олгох сургалт зохион байгуулах зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар бусад мэргэжлийн байгууллагууд нийслэлийн Гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч тараах, ашиглах заавар зөвлөмж өгөх, дүүрэг, хороодыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах ажлыг сайтар зохион байгуулж ажиллах шаардлагатай” гээд “Төрийн албаны тухай хууль, Захиргааны болон үйлчилгээний хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг хангаж, төрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, албаны мэдээллийг хувийн зорилгоор ашиглахгүй байх тухай захирамжийн хэрэгжилтийг шат шатандаа хангаж ажиллах, халтиргаа, гулгаанаас сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай болон аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртлэх талбайн цасыг цэвэрлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах, сурагчдыг эрүүл аюулгүй орчинд зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор цаашид сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Баянзүрх, Баянгол дүүрэгт нэмж дөрвөн хороо байгуулахаар болов
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулгыг хийсэн юм. Баянгол дүүрэг 23 хороотойгоос 1, 4 дүгээр хороог хувааж хоёр шинэ хороо байгуулахаар санал оруулсан байна. Баянзүрх дүүргийн хувьд 5, 8 дугаар хороог хувааж шинэчлэн байгуулснаар нийт 30 хороотой болгохоор санал оруулжээ. Уг саналыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн дэмжиж, нийслэл хот 173 хороотой боллоо. НИХТ-аас төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан Баянгол, Баянзүрх дүүрэгт шинээр байгуулах хороодыг хавсралтаар батлан, хороодыг шинээр байгуулах, зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд шаардагдах зардлыг 2020 оны төсөвт тусгуулан, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын С.Амарсайханд үүрэг болгов.
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн удирдах хороо хуралдав
Төслийн удирдах хорооны хуралдаанаар нийт 12 асуудлыг хэлэлцсэний дотор төслийн худалдан авах ажлын төлөвлөгөө, төслийн гуравдугаар үе шатны байршлыг тогтоож батлах, дэд төвүүдийг дахин хөгжүүлэх төлөвлөгөө батлуулах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төсөл нь Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, нийслэлийн төсвийн санхүүжилттэйгээр нийт есөн жилийн хугацаанд хэрэгжих юм. “Төслийн нэгдүгээр үе шат 73 хувьтай хэрэгжиж байгаа бол хоёрдугаар үе шатанд газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж, иргэдэд танилцуулах ажил явагдаж байна. Харин гуравдугаар үе шатанд техник, эдийн засгийн төслүүдийг батлуулахаар бэлтгэл ажил хангагдаж байгаа” гэж төслийн зохицуулагч Д.Авирмэд мэдээллэв.
Нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурчээ
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек, НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй пиишин зуухны галлагаа, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэргээс үүдэж угаартах магадлал өндөр байгаа учраас иргэд галлагааны зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүслээ. Тэрбээр “Энэ 7 хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж гурван дуудлага ирсэн. Тухайн дуудлага өгсөн иргэд маань эмнэлгийн тусламж зөвлөгөөг авсан. Сүүлийн өдрүүдэд ахуйн шинж чанартай ялангуяа яндангийн цооролттой холбоотой дуудлага их ирж байна. Тиймээс иргэдэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөмөөр байна” гэв. Агаарын чанартай холбоотой мэдээллийн хувьд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин агаарын чанарт хүхрийн хэмжээ их гарсан ч гол шалтгаан нь автомашины утаанаас их ялгарч байгааг судалгаагаар тогтоосон гэж нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек хэллээ.
Нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г гардуулав
Орон нутгийн хамгаалалтын тухай хууль УИХ-аар 2018 онд батлагдан гарсан. Уг хуулийн дагуу нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд гардуулан өглөө. Гардуулах ёслолын ажиллагаанд төлөвлөгөөг боловсруулсан ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штабын удирдлагууд, нийслэл дэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын удирдлагууд байлцав. Батлан хамгаалахын сайд Н.Энхболд төлөвлөгөө гардуулах үеэр хэлсэн үгэндээ “Орон нутгийн тухай хуульд зааснаар аймаг нийслэл, сум дүүрэг бүр орон нутгаа хамгаалах төлөвлөгөөтэй байх ёстой. Энэ төлөвлөгөө бол орон нутгийн зохион байгуулалт удирдлага төлөвлөлтийн үндсэн баримт бичиг. Төлөвлөгөө батлагдсанаар тайван цагт орон нутгийн хамгаалалтын бэлтгэлийг хангах цогц арга хэмжээ хэрэгжиж эхэлнэ. Яамны зүгээс төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бодлогын хэмжээнд дэмжиж хамтран ажиллана” гэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг боловсруулах, орон нутгийн тусгай чиг үүргийн болон бусад иргэн аж ахуйн нэгжүүдэд үүрэг даалгавар өгөх, шаардлагатай нөөцийг бүрдүүлэх чухал үүргийг бид биелүүлэх ёстой. Төлөвлөгөөний дагуу нийслэл дүүргүүдийн Цэргийн штаб, Онцгой байдлын бие бүрэлдэхүүн болон иргэд олон нийтийн оролцоог хангаж дадлагажуулах тайван цаг үед орон нутгийн аюулгүй байдлыг хангаж үе шаттай хэрэгжүүлэх болно” хэмээлээ.
Сайжруулсан түлш савлах ажлыг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Тавантолгой түлш” компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг, Хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт судалгааны хэлтсийн дарга С.Нямдорж нар өгөв. Сайжруулсан түлш савлах ажил хийх сонирхолтой иргэдийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын “Цагийн ажлын бирж”-д бүртгэж, Тавантолгой түлш ХХК-тай гэрээ байгуулах аж. “Гэрээ байгуулсан иргэд нийгмийн даатгал төлөхөөс гадна нэг сая 200 мянган төгрөгийн цалин авна. Хамгийн гол нь цагийн хуваарийн дагуу ажиллах учраас цаг баримтлах шаардлагыг тавина” гэж Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг хэллээ.Зарлагдсан ажлын байранд ажиллах сонирхолтой иргэдийн бүртгэлийг Сонор плаза төвийн 5 давхарт байрлах “Цагийн ажлын бирж”-д авах юм байна. Гэрээ байгуулан ажиллах иргэд гурван дүүргийн найман цэгт ажиллана.
Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нар шалгалтад хамрагдлаа
Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын сахилга хариуцлага, мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын арга барилыг хэвшүүлэх зорилгоор жолооч нарын ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай эрх зүйн мэдээлэл болон нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой өдөр тутам анхаарч ажиллах сэдвийн хүрээнд 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 19-ний өдрүүдэд шалгалт авч, суурь түвшинг тогтоож, үнэлэх ажлыг зохион байгууллаа. Шалгалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 560 жолооч батлагдсан удирдамж, хуваарийн дагуу хамрагдсан юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс