Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой тайлангийн журамд орсон өөрчлөлтийн талаар ТЕГ-ын Татвар төлөгчидтэй харилцах газрын Татварын улсын байцаагч Ч.Болорцэцэгтэй ярилцлаа.
-Татварын хуулийн шинэчлэлтэй холбоотой ААН-үүдийн тайлан илгээх журамд ямар өөрчлөлт орсон бэ?
-2019 оны 03 дугаар сарын 22-нд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Хүн амын орлогын албан татварын хууль батлагдсан. Үүнтэй холбоотойгоор татвар төлөгчтэй холбоотой нийтээр дагаж мөрдөх 35 журмын төслийг татвар төлөгчөөр хэлэлцүүлэн санал авах ажлыг Татварын албанаас 11 дүгээр сарын 11-22-нд зохион байгуулж байна. Үүний нэг нь “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх” журам юм. Татварын хуулиуд шинэчлэгдэн батлагдсантай холбоотой дээрх журамд хэд хэдэн чухал өөрчлөлт орсон. Үүнд:
- Тухайн төрлийн татварын хуульд заасан тайлан тушаах хугацаанд татвар төлөгч цахимаар тайлан үйлдэж, тушаах үед болон тухайн төрлийн тайлан тушаах хуулийн хугацаа дуусмагц цахимаар тушаасан тайланг татварын алба цахим системээр хянан, боловсруулалт хийж хүлээн авна.
- Тайланд залруулга хийх үйлдлийг хуульчилсан. Өмнө нь тайланд залруулга хийх үйлдэл нь журмаар зохицуулагдаж байсан бол одоо Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд тайланд залруулга хийх тухай бүлэг заалт тусгагдсан.
- Татвар төлөгч хялбаршуулсан горимоор татварын тайланг тушаах боломжтой.
- Уул уурхайн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж эзэмшиж буй тусгай зөвшөөрөл тус бүрээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргаж, татварын тооцоо хийхээр байна.
-Хялбаршуулсан горимоор тайлан өгнө гэдгийг энгийнээр тайлбарлавал?
-Энэ нь өмнөх тайлант жилийн борлуулалтын орлогоос хамаарах ба татвар төлөгчийн үйл ажиллагааны нийт орлогын дүн 50 сая төгрөгөөс бага байх, мөн хуульд заасан тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа эрхэлдэггүй, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй ААН, хувь хүн хялбаршуулсан горимоор тайлан тушааж болно. Хялбаршуулсан тайлан тушааж байгаа татвар төлөгчийн тухайн жилийн үйл ажиллагааны нийт борлуулалтын орлогод нэг хувиар албан татвар ногдуулна. Хялбаршуулсан горимоор тайлан өгөх хүсэлтийг цахим системээр татварын албанд ирүүлж бүртгүүлснээр жилийн эцэст нэг л удаа тайлан тушаана гэсэн үг.
-Хялбаршуулсан тайлан тушаахад юуг анхаарах вэ?
-Татвар төлөгчийн борлуулалтын орлого цахим төлбөрийн баримтын систем /ebarimt,mn/-д заавал бүртгэгдсэн байх шаардлагатай. Хялбаршуулсан горимоор тайлан тушаахад өмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцохгүй, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхгүй, ямар нэгэн зардал хасахгүйгээр зөвхөн л нийт орлогын дүнд 1 хувиар татвар ногдуулж тайлагнана.
–Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн тайлангийн талаар?
-Өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг ААН-үүд хайгуулын болон ашиглалтын хичнээн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлж буйгаас үл хамааран нэгдсэн тайлан өгдөг байсан бол одоо эзэмшиж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг гаргах ба албан татварын тооцоог тус тусад нь хийхээр хуульчлагдсан. Ашигтай ажилласан ордын татвар ногдуулах орлогоос хайгуулийн зардлыг хасаж тооцохгүй л гэсэн үг юм. Тэгэхээр одоо шинэ хуулиар ашигтай бол ашигтай, алдагдалтай бол алдагдалтайгаар нь тусгай зөвшөөрөл тус бүрээрээ тайлан гаргаж ирүүлнэ.
-Тайланд хянан боловсруулалт хийх талаар тодруулбал?
-Тухайн төрлийн тайлан тушаах хуулийн хугацаанд татвар төлөгч тайлангаа үйлдэж тушаах үед, мөн хуулийн хугацаа дуусмагц татварын алба тайланг хүлээж авах үед 2 удаа хянан боловсруулалтыг хийж байгаа. Бид хууль шинэчлэгдэн батлагдахаас өмнө буюу 2016 оны жилийн эцсийн тайланг хүлээн авахаас эхлэн татвар төлөгчийг эрсдэлээс хамгаалах зорилгоор хянан боловсруулалт хийж тайланг хүлээн авч эхэлсэн. Хянан боловсруулалт хийнэ гэдэг нь энгийнээр хэлбэл татвар төлөгчийн тушаасан тайлангийн мэдээллийг холбогдох бусад тайлан, бусад байгууллагаас ирүүлсэн хөндлөнгийн мэдээлэлтэй системийн аргаар харьцуулан шалгаж, хүлээн авч буй үйл ажиллагаа юм. Жишээ нь: ААНОАТ-ын тайлангийн борлуулалтын орлогыг и баримтын систем дэх борлуулалтын орлоготой харьцуулах, өмнөх сар, улирлын тайланг ирүүлсэн эсэх, өссөн дүнгээр тайлагнасан эсэх гэх мэт. Бид хянан боловсруулалт хийгээд зөрүүгүй тайланг хүлээн авна, хэрэв зөрүү илэрвэл зөрүүг залруулж тайлан тушаах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ. Тайлан залруулах шаардлага хүлээн авсан татвар төлөгч шаардлага хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан тайланг залруулж ирүүлэх эсвэл тайланг залруулах шаардлагагүй бол тайлбараа ирүүлж болно. Татвар төлөгчийн цахимаар ирүүлсэн тайлан болон хүсэлтийн шийдвэрлэлтийн талаар тухай бүр татвар төлөгчид мэдэгдэнэ.
-Хянан боловсруулалт хийгээд татвар төлөгчид мэдэгдэнэ гэлээ. Хэрхэн яаж мэдэгдэх вэ?
-Өмнө нь бид татвар төлөгчийн тайлан болон хүсэлтийн шийдвэрлэлтийн мэдээллийг зөвхөн цахим системийн мэдэгдлээр хүргүүлдэг байсан бол одоо татварын албанд бүртгэлтэй цахим шуудангийн хаяг, гар утсаар нь давхар хүргүүлдэг болсон. Шинээр бүртгүүлж байгаа татвар төлөгч цахим татварын системд анх нэвтэрч орохдоо мэдээлэл хүлээн авах цахим шуудангийн хаяг, гар утсаа баталгаажуулдаг болсон. Мөн хуучин бүртгэлтэй байсан татвар төлөгчид ч холбоо барих мэдээллээ хянах, шинэчлэн баталгаажуулах боломжтой байгаа. Иймд татвар төлөгчид маань хэрвээ холбоо барих хаяг, утсаа өөрчилж байгаа бол тухай бүртээ мэдээллээ шинэчилж баталгаажуулж байх шаардлагатай. Ингэснээр татварын тайлангийн мэдээлэл цаашлаад татварын албаны үйл ажиллагааны хөгжил, системийн өөрчлөлт гэх мэт татвар төлөгчид шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүлээн авах боломжтой юм.
-Тайлан тушаах хугацааны хувьд өөрчлөгдсөн зүйл байгаа юу?
-ААНОАТ-ын тайлан тушаах хугацаанд өөрчлөлт орсон. Энэ нь өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлогоос хамаараад жилд 1 удаа, 2 удаа, 4 удаа тайлагнахаар байгаа. Бусад тайланд өөрчлөлт ороогүй. Энд нэг зүйлийг нэмж тодруулахад зөрүүтэй тайлан залруулах, татвар төлөгчийн хүсэлтээр тайлан залруулах, хоцорсон тайлан тушаах тохиолдолд татварын алба тайлан тушаах боломж олгосноос хойш ажлын 3 өдөрт багтаан тайланг тушаахаар журамлагдсан. Өмнө нь татварын алба тайлан засварлах, хоцорсон тайланг тушаах хүсэлтийг зөвшөөрсний дараа татвар төлөгч өөрөө хуулийн хугацааг эхлүүлж тайланг шивдэг байсан бөгөөд хуулийн хугацааг эхлүүлтэл хэдэн ч өдөр болсон “Хуулийн хугацааг эхлүүлнэ үү” гэсэн төлөвтэйгөөр хүсэлт хадгалагддаг байсан бол одоо ажлын 3 өдөр өнгөрөхөд хүсэлт хүчингүй болж тайлан засварлах боломж хаагдана. Иймээс татвар төлөгчид маань хуульд заасан хугацаандаа амжиж залруулсан болон хоцорсон тайлангаа тушаахыг анхаарах хэрэгтэй байна.
-Хэрвээ хуулийн хугацаандаа амжиж тайлангаа ирүүлээгүй бол хуулийн хариуцлага хүлээх үү?
-Татварын ерөнхий хуульд “Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг тодорхойлж өгсөн байгаа. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантайгаар татварын тайланг тушаагаагүй бол татварын албанд тайлан тушаах хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлнэ. Татварын алба хүсэлтийг хянаж, тайлан тушаах боломжийг олгоно. Харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тайланг тушаагаагүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага тооцуулснаар тайлан тушаах боломжтой болно.
Ярилцсан: Сэтгүүлч П.Мөнхжаргал
Эх сурвалж: Татварын ерөнхий газар