ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ БАТЛАГДСАН ӨДӨР БУЮУ ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР
Хүүхдийн эрхийн тухай конвенц гэж юу вэ?
Хүүхдийн эрхийн тухай конвенц нь хүүхдийн эдлэх эрхүүдийг тунхагласан олон улсын эрхзүйн баримт бичиг бөгөөд тус конвенцод 18 нас хүрээгүй хүн бүрийг “хүүхэд” гэж тодорхойлдог.
Конвенцыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1989 оны 11 дүгээр сарын 20-нд баталснаас хойш 196 орон нэгдэн ороод байна. Монгол Улс тус конвенцод 1990 онд нэгдэн орсон дэлхийн 19 дахь орон болсон.
Тус конвенцын тогтоосон олон улсын эрхзүйн хэм хэмжээний дагуу хүүхэд бүр ямар ч алагчлалгүйгээр хүүхэд хамгааллын тусламж, үйлчилгээ хүртэж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж, бие хүн болж төлөвших, авьяас, чадвараа бүрэн дүүрэн нээн хөгжүүлэх боломжоор хангагдаж, аз жаргал, хайр энэрэл, ойлголцол бүрдсэн орчинд өсөн торниж, өөрсдийн эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байж, эрхээ эдлэх үйл явцдаа идэвхтэй оролцох боломжоор хангагдах зэрэг нөхцөлийг бүрдүүлэх үүргийг конвенцын гишүүн орнууд хүлээсэн байдаг.
Хүүхдийн эрхийн тухай конвенцод ямар асуудлууд оруулахыг хэрхэн шийдсэн бэ?
Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэм хэмжээ, заалтуудыг дэлхийн олон улс орны засгийн газрууд, төрийн бус байгууллагууд, хүний эрхийн зүтгэлтнүүд, хуульчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, боловсрол ба хүүхдийн хөгжлийн мэргэжилтнүүд, шашны зүтгэлтнүүд хамтран 10 гаруй жилийн хугацаанд хэлэлцэн зөвлөлдөж боловсруулсан байдаг. Энэ үйл явцын үр дүнд хүүхдийн хамгаалал, зохистой хөгжилд үзүүлэх соёл, уламжлалын нөлөөг харгалзан үзсэн нийтээр хүлээн зөвшөөрсөн баримт бичиг боловсруулсан. Тус конвенц нь олон улсын эрхзүйн гол тогтолцоонуудын үндсэн зарчмуудыг тусгаснаас гадна хөгжиж буй орнуудын онцгой хэрэгцээ шаардлагыг ч харгалзан үзсэн юм.
Хүүхдийн эрхийн тухай конвенц хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалдаг вэ?
Хүүхдийн эдлэх ёстой эрхийг хангах чиглэлээр гарч буй ахиц дэвшлийг үнэлэх, үр дүнг харьцуулах нийтлэг хэм хэмжээнүүд тус конвенцод багтсан байдаг. Конвенцод нэгдсэнээр түүнийг зарчим, заалтуудыг мөрдлөг болгохыг хүлээн зөвшөөрсөн улс орнууд үндэсний хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагаагаа Конвенцод нийцүүлж, түүний хэм хэмжээг хүүхэд бүрийн амьдралд бодитоор хэрэгжүүлж, хүүхдийн эрхийг зөрчсөн эсвэл эрхээ эдлэхэд нь саад болох аливаа үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй. Засгийн газрууд хүүхдийн эрхийг хангах чиглэлээр гаргаж буй ахиц дэвшлийнхээ талаар бие даасан мэргэжилтнүүдээс бүрдсэн Хороонд тогтмол тайлагнана. Манай орон нь нэгдэн орсон цагаас хойш 5 удаагийн тайлан илтгэлийг илгээж зөвлөмжийн дагуу ажиллаж байна.
Олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Конвенцын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьдаг вэ?
Хүүхдийн эрхийн олон улсын мэргэжилтнүүдээс сонгон бүрдүүлдэг, Женев хотноо хуралддаг Хүүхдийн эрхийн хороо хэмээх бие даасан нэгж Конвенцын хэрэгжилтийг хянаж, Конвенцод нэгдэн орсон улс орнуудын Засгийн газруудаас хүүхдийн эрхийн байдлын тайлангаа ирүүлэхийг шаарддаг. Тус хороо үндэсний тайлангуудыг хянан үзэж, санал зөвлөмжөө өгөхийн зэрэгцээ хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр тусгай арга хэмжээ авах, мэргэшсэн байгууллагууд байгуулан ажиллуулахыг засгийн газруудад зөвлөмж болгодог.
Хүүхдийн эрхийн тухай конвенцид хүүхдийг өөрөөр буюу шинэлэг байдлаар харах нь чухам юу байсан бэ?
Конвенц бүх улс орнууд дагаж мөрдвөл зохих нийтлэг хэм хэмжээнүүдийг заасан байдаг. Тэдгээрт хүүхдийг өөрөөр авч үзэх хандлага тусгалаа олсон байдаг.Хүүхэд бол эцэг эхийн өмч биш. Мөн зөвхөн тусламж дэмжлэг авахаас цаашгүй чадваргүй хүмүүс биш. Хүүхэд бол юун түрүүнд бусдын адил хүн, тиймээс өөрийн гэсэн хүний эрхээ эдлэх ёстой. Конвенц хүүхдийг гэр бүл, олон нийтийн бие даасан гишүүн, насандаа тохирсон эрх, үүрэг бүхий хувь хүн гэдэг талаас нь харах болсон. Хүүхдийн эрхийг ийнхүү хүлээн зөвшөөрөх нь хүүхдийг бүхэлд нь авч үзэх боломж олгосон. Хүүхдийн эрэлт хэрэгцээг тэдний хууль ёсны хүний эрх хэмээн үзэх болсон. Өмнө нь тусламж, дэмжлэг хүртэгч идэвхгүй бүлэг хэмээн хүүхдийг үздэг байсан бол одоо хүүхэд эрх эдлэгч болсон.
Конвенц юугаараа өвөрмөц вэ?
Хүүхдийн эрхийн тухай конвенц нь дэлхий даяар хүчин төгөлдөр хэрэгжиж, хүүхдийн төлөөх үйлсийн ёс зүйн болон эрхзүйн нийтлэг суурь болж байна. Үүний зэрэгцээ хүүхдийн эрхийг хангах чиглэлээрх ахиц дэвшлийг үнэлж дүгнэх нийтлэг хэм хэмжээг бүрдүүлж байна.
Конвенц нь:
· Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх, хүүхдийн аж байдлыг хянах чиглэлээр хийсэн анхны албан ёсны үүрэг амлалт байсан;
· Хүүхдийн эрх бол хүний эрх гэдгийг тодорхойлж өгсөн. Хүүхдийн эрх нь хүүхдэд олгож буй тусгай эрх биш харин хүн бүрд тэр дундаа хүүхдэд төрөлхөөс заяагдмал үндсэн эрх юм. Хүүхдийн эрхийг хангах нь сонголтоор хийх зүйл биш, эсвэл сайхан сэтгэл, сайн санааны үүднээс хийх зүйл биш. Харин энэ нь бүх нийтээр хүндэтгэн дагах ёстой үүрэг хариуцлага мөн гэдгийг Конвенц тодорхойлсон;
· Хүүхдийн төлөө эсвэл хүүхэдтэй ажилладаг байгууллагууд тэр дундаа төрийн бус байгууллагууд, НҮБ-ын системийн байгууллагуудад ажилдаа баримтлах гарын авлага нь болсон;
· Хүүхэд бүрэн дүүрэн хөгжихөд бүхий л эрхийг нь хангах хэрэгтэй бөгөөд хүүхэд нэг бүрд чиглэж ажиллах нь чухал гэдгийг бататгаж өгсөн;
· Хүний эрхийг хангахад төр хариуцлага хүлээх ёстой бөгөөд ил тод байдал, бүх нийтийн хяналт мөн чухал үүрэгтэйг бататгаж өгсөн;
· Хүүхдийн эрхийг хангах олон улсын хамтын тогтолцоонд дэмжлэг болсон. Конвенцын тайлангуудыг үндэслэн хандивлагч орнууд тусламж шаардлагатай байгаа газруудад тусламжийг чиглүүлж, хүлээн авч буй орнууд мөн тухайн тусламжийг шаардлагатай салбарт нь зарцуулах үүрэг хүлээдэг болсон
· Хүүхдийн амьдралд гэр бүл чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэсэн.